Байнгын хорооны гишүүд гадаад улсад суугаа Элчин сайдуудтай цахим ярилцлага хийв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд гадаад улсад суугаа Элчин сайдуудтай өчигдөр цахим ярилцлага хийлээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсантай холбогдуулж энэхүү цахим уулзалтыг хийж байгаа юм.
Элчин сайдуудтай хийсэн цахим уулзалтанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэл болон ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Болор нар оролцсон юм. Өнөөдрийн цахим уулзалтанд хүндэтгэх шалтгааны улмаас БНХАУ,ОХУ-д суугаа хөрш орнуудын Элчин сайдууд оролцсонгүй, 13 элчин сайд оролцож, цаг үеийн болон тулгарч байгаа асуудлаа танилцуулан харилцан санал солилцов.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэл, гадаад харилцааны бодлогын чиглэлд нэн тулгамдсан асуудал болоод цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх ажил хэргийн талаар үнэтэй санал хэлэхийг Элчин сайдуудаас хүссэн юм. Мөн тэрээр эдийн засгийн гуравдагч хөрш орнуудын асуудлаар Европын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсаныг онцлоод гадаад бодлогын нэгдмэл байдал дутагдаад байгааг хэлсэн юм. Түүнчлэн гадаад улс оронд суралцаж байгаа оюутан залуучуудын эрхийг хамгаалах тал дээр ямар ажлууд хийгдэж байгааг сонирхов.
Дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Болор сүүлд томилогдсон Элчин сайдуудаас хийсэн ажлын тайлангаа танилцуулахыг хүслээ. Мөн тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд яригдсан ч биелэлээ олоогүй гадаад бодлогыг эдийн засагжуулах бодлогын хүрээнд ямар дорвитой ажлууд хийгдэж байгааг Элчин сайдуудаас тодруулав.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, “ Эдийн засгийн хувьд Япон улс үйлдвэрлэгч улс орон тул гадаад худалдааны эзлэх хувь хэмжээ талаас нь авч үзвэл манай улс доогуур үзүүлэлттэй байгаагаас гадна үндэсний бараа бүтээгдхүүн шаардлага хангахгүй байгаа нь тулгарч байгаа асуудал болоод байна” гэлээ. Мөн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол Улсаас нэмж 1000 оюутан суралцуулахаар болсон таатай мэдээг дуулгасан.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд сүүлийн жилүүдэд гадаадад боловсон хүчин бэлтгэх цар хүрээ нэмэгдэж буйг цохон тэмдэглээд аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн олон ажлууд үр дүнгээ өгч байгааг харгалзан энэ ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Гадаад бодлогыг эдийн засагжуулах тал дээр хөрөнгө оруулалтын олон чухал санал ирдэг ч энэ тухай холбогдох яам агентлагуудтай холбоо тогтооход хүндрэлтэй байдаг хэмээн Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Алтай хэлээд, яам агентлагуудаас хариу мэдэгдэл огт ирдэггүйг шүүмжиллээ.
Мөн гадаад улс оронд төрж, өсөн хүмүүжиж байгаа Монгол хүүхдүүдийн эх хэлний асуудал тулгамдсан гол зүйл болоод байгааг Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Ганди онцлоод Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд онлайн хэлбэрээр хүүхдүүдэд хичээл заах хүсэлт гаргасан ч одоогоор хариу ирүүлээгүйг дуулгасан юм.
Хурлын төгсгөлд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, санал дүгнэлт гарган байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлж энэхүү цахим хуралдааныг өндөрлүүллээ.