48 саналын томъёолол бэлтгэсэн байна

2014 оны 5 сарын 21

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуваарийн дагуу өнөөдөр  үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хийсэн танилцуулгадаа, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тооцоог авч үзсэний үндсэн дээр төсвийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан. Төсвийн тодотголтой холбогдуулан байнгын хороод, нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдээс ирүүлсэн саналыг нэгбүрчлэн судалж, зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулах саналын томъёолол бэлтгэсэн тухайгаа дурдлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.

 Байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3275
0 эможи
keyboard_arrow_up