Сонгуулийн хуулийн боловсруулалтад УИХ анхаарахаар болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байгаа юм. Дэлхий нийтэд 1980-аад оноос хойш эрчимтэй хөгжсөн газрын гадаргыг зураглах техник, технологийн дэвшлийн үр дүнд манай улсын хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан газрын зурагт дүрслэгдэх мэдээллийг тандан судалгааны аргаар буюу агаар мандлаас хиймэл дагуулын тусламжтайгаар тодорхойлох боломжтой болсон бөгөөд гадаад улс орнуудад газрын зургаар нийтэд нээлттэй үйлчлэх тогтолцоо нэгэнт бүрдсэн байна.
Манай улсад газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага байгаа юм. Энэ бүхнийг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухайболон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлж, санал хэлэх гишүүн гарсангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Өмнө нь би хэдхэн гол асуудлаа хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна гэсэн асуудлыг хөндөж байсан. Энэ тал дээр ярьж удирдлагын түвшинд ярьж хэлэлцсэн зүйл байна уу. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжиж болно. Гэхдээ өнөөгийн хамгийн анхаарал татсан асуудал бол сонгууль. Сонгуулийн тухай хууль боловсруулахтай холбоотой асуудалдаа УИХ орох нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэлсэн.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүний гаргасан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцэх асуудлын 4-т жагссан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл цаг үеийн шинжтэй хууль учир үүнийг хэлэлцээд сонгуулийн асуудлын хэлэлцэх нь зөв юм гэв.
Ингээд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.