Давж заалдах шатны 19 шүүхийг 26 болгон нэмнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана.
Шинээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай 52 давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник зохион байгуулалтын ажилд нийтдээ 10,4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Үүгээр тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Эдгээр асуудлыг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн горимын саналыг чуулган хүлээж авахаа өмнө нь мэдэгдсэн тул ийн хуралдааныг өндөрлүүлэв.