УИХ хуулийн байгууллагыг нэг хүний гарт оруулах хуулийн төсөл хэлэлцэж байна
УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байдаг. Тус байнгын хорооны 2016 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нар орж ажилласан байна.
Энэхүү хуулийн төсөл нь зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа субъектүүдийн гарын авлага болж байгаа гэдэг утгаараа нэн чухал хууль гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Гэтэл энэ хуулийг УИХ бүрэн ирцгүйгээр хэлэлцэж байгаа нь өдгөө олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь ажлын хэсэгт багтсан Ц.Оюунгэрэл гишүүн ойр хавийнхаа найман гишүүний санал хураалтын кнопыг дарж байгаа нь энэ хуулийг батлахаар улайрч байгаагийн илрэл гэлтэй. Ц.Оюунгэрэл гишүүнийг эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө ганц дуугарч байгаа гэж магтах нэгэн ч байхад гэмт хэрэгт орооцолдсон хүмүүсийг өмөөрч суудаг гэж шүүмжлэх нэгэн ч бий.
Ямартай ч Хууль сахиулах тухай хуулийн төслийг ингэж яаруу сандруу батлах нь хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдүүдэд ашигтай бололтой. Тиймдээ ч УИХ хуулийн байгууллагыг нэг хүний атганд төвлөрүүлэх хуулийн төсөл хэлэлцэж байна гэх шүүмжлэл гарч байгаа юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлд тусгасан баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэрэгжүүлэх этгээдийг тодорхой болгох, тухайлбал гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял шийтгүүлсэн хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлахаас бусад тохиолдолд холбогдох хууль сахиулагч бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглохоор тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн эрэн сурвалжлах ажиллагаа, эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулах үндэслэл, журам, хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой харилцааг зохицуулсан “Хууль сахиулах тусгай ажиллагаа” гэсэн дөрөвдүгээр бүлгийг хуулийн төсөлд нэмж тусгах; зарим төрлийн зөрчлийг захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэхээр төсөлд тусгасныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харьяалан хянан шийдвэрлэдэг байхаар тусгахыг дэмжжээ. Энэхүү хуулийн төслийг УИХ ирцгүйгээр ийн улайран хэлэлцэхийн цаана хэний ямар ашиг хонжоо явагдаж байна гэх шүүмжлэл гарч байгаа талаар дээр дурдсан. Тэгвэл хэзээний таарамжгүй гэгддэг Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар ч энэ асуудалд нэгдсэн байр суурьтай байгаа гэнэ. Ийнхүү УИХ хуулийн байгууллагыг нэг хүний гарт атгуулах хуулийн төслийг чоно борооноор гэдэг шиг бүгд сонгуульд анхаарсан цагаар сэмхэн батлахаар яарч байна.