Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм
Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 14.25 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Н.Номтойбаяр, Н.Энхболд, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Ажлын хэсгийн 5 дугаар сарын 12-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу гадаад харилцааны асуудлаар шийдвэр гаргаж байгаа байгууллага болон албан тушаалтнуудыг түвшингөөр нь, шийдвэрүүдийг төрлөөр нь ангилан, яам, агентлаг, орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад Гадаад харилцааны яамтай харилцаж байгаа харилцааг өнөөгийн байдлаар болон зохистой харилцаа ямар байх нь зүйтэй гэсэн хувилбараар хийсэн танилцуулгыг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболд хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн болно. Хуралдаанаар ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн нягтлаад дараагийн долоо хоногт ажлын журмаар ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгт танилцуулан, 6 сарын эхний долоо хоногт Байнгын хорооны хуралдаанд танилцуулах бэлтгэл ханган ажиллахыг ажлын дэд хэсэгт үүрэг болголоо.