Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-04-22/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Дипломат албаны тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгээр эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ нар тус тус танилцуулав.
Төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг дипломат албан тушаалтныг шатлан дэвшүүлэх зарчмыг Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөлд тусгагдсан зарчимтай уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан хуулийн төсөлд “Монгол Улсын Консулын албаны дүрмийг Улсын Их Хурал батална” гэснийг хэлэлцүүлгийн явцад дахин нягтлах саналыг тус тус гаргасан байна. Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тухай Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-эрдэнэ чуулганд илтгэлээ.
Төсөлд, дипломат алба мэргэшсэн байх, энэ дархлааг нь хамгаалах хүрээнд дипломат албаны мэргэшлийн удирдлагыг хэрэгжүүлэх Дипломат албаны зөвлөлтэй байх, Төрийн нарийн бичгийн дарга, ДКТГ-ын тэргүүнд тавих тусгай шаардлага, дипломат албан тушаал дэвшихэд тавигдах ажилласан жилийн шаардлагыг тогтоох, бусад улсад байдаг жишгийн дагуу шаардлагатай үед дипломат албанд түр ажиллуулах хүний нөөцтэй байх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн, дипломат байгууллагын төсөвт зайлшгүй тусгах зардлуудыг, тухайлбал, Монгол Улсад олон улсын арга хэмжээ зохион байгуулах, олон улсын байгууллага, олон улсын үйл явцын өмнө хүлээсэн, эсхүл авсан санхүүгийн амлалтаа биелүүлэх, хилийн чанад дахь иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх, монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиг үүргийг хэрэгжүүлэх зардлыг төсөвт заавал тусгахаар зохицуулсан байна.
Дипломат албанд ажиллагсдын ажиллах, амьдрах нөхцөл, баталгааг сайжруулах хүрээнд цалин хөлсийг суугаа улсын амьжиргааны өртөг, амьдрах нөхцөл, олон улсын жишиг зэргийг харгалзан хоёр жил тутам Засгийн газар тогтоох, эрүүл мэндийн даатгалыг заавал төсөвт суулган санхүүжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол төлбөртэй бол төлбөрийг төр хариуцах, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, томилолтын хугацаа дууссаны дараагаар ажил олгогч төрийн байгууллага нь ажлын байраар хангах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Гишүүдийн асуулт нь, дипломат албанд элсэх элсэлтийн шалгалтыг авах, сонгон шалгаруулах тогтолцоо, гадаадад амьдарч буй монгол иргэдэд туслах, тэдний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны зохицуулалт, хэл, соёлыг өвлүүлэх, олон улсад визгүй зорчих боломж, дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэх хүрээг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, гадаад улсад байгаа Соёлын төвийн үйл ажиллагаа тэдгээрт мэдээллийн орчин үеийн технологи ашиглаж буй байдал, элчин сайдын яамдын ажлыг дүгнэдэг журам зэрэгтэй холбоотой асуудлууд төсөлд хэрхэн тусгагдсан, тэдгээр асуудлаар гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баримталж буй байр суурь, явуулж буй үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага ямар байгаа зэрэгтэй холбоотой байв.
Гишүүд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан хэлсэн үгэндээ, эдийн засгийн дипломат үйл ажиллагааны бүсийн төв байгуулах тэдгээрт нөөц, хүчээ төвлөрүүлэх, тэдгээрийг мэдээллээр хангах, дипломатын шатлалыг Төрийн албаны тухай хуультай уялдуулж зөв зохицуулах, гадаадад байгаа монгол иргэдээ дэмжих санг санхүүжүүлэх, тэдний эрх зөрчигдөж байгаа зэрэгт анхаарахыг хүсэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд нь шилжүүллээ.
Дараа нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа, Төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулж түүнийг дэмжсэн” тухай хэллээ.
Төслийн 15.1.4, 16.3.4 дэх заалтын “ял шийтгэлгүй” гэснийг тус тус хасах саналыг чуулган хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжив.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 35 нь буюу 67.3 хувь нь дэмжлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.