Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хэн, Юу хэлэв?

2016 оны 4 сарын 15

Чуулганаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүд Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2016.04.14/

 

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид нар өнөөдрийн байдлаар өр тавихгүй хийх зүйл бол энэ хариуцлагын хууль

Бид нар өнөөдрийн байдлаар өр тавихгүй хийх зүйл бол энэ хариуцлагын асуудал юм. Гишүүд тогтвортой байдлын тал дээр санаа зовж байна гэлээ. Би ч гэсэн энэ тал дээр санал нэг байна. Хариуцлага тооцож чадахгүй байгаа нийгэм тогтворгүй болдог. Бид өмнө нь хариуцлагын тухай ярьдаг л байсан. Сонгуулийн хөтөлбөр бол ард түмэнтэйгээ хийсэн гэрээ. Энэ гэрээгээ ярих биш хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хариуцлагын тухай яриад байдаг харин хариуцлагаа харахгүй түүнээс болгоомжлоод байдаг. Хариуцлагын тухай хууль батлагдсанаар хариуцлага маань биетэй болж ирнэ. Харагдаж эхэлнэ. Эхний ээлжинд эхлүүлэх л хэрэгтэй байна. Эхлүүлсэн тохиолдолд түүнийгээ засч залруулаад, нэмэлт оруулах боломжтой. Өнөөдөр манай нийгэмд төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хууль үгүйлэгдэж байна. Улстөрийн хариуцлага гэж улстөрийн тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал. Ерөнхийлөгчөөс эхлээд аймгийн, дүүргийн засаг дарга нартай холбогдох асуудал. Өнөөдөр чи буруу алхам хийсэн бол түүнийхээ төлөө ард түмнээс уучлалт гуйдаг байх хэрэгтэй, нам нь тэр хүнийг нэр дэвшүүлэх тал дээр ярилцах хэрэгтэй. Бид нар жолоочийн хариуцлагын 10 оноог нэвтрүүлсэн. УИХ-ын гишүүдэд ч гэсэн 100 оноо өгөөд хурлаа таслах, хариуцлагагүй хандах болгонд нь оноо хасаад явъя гэж ярьдаг байсан. Тэгэхдээ энэ хуулийн заалтанд ороогүй байгаа. Хүсвэл та нар нэмж оруулж болно. Юу ч гэсэн эхлээд хуультай болъё. Хэн нэгний дураар биш хуулиндаа хариуцлагын тогтолцоог тусгаж өгье.

УИХ-ын гишүүн А.Бакей: Монголд хариуцлагын зуд нүүрлээд 20 жил болж байна

Монголд хариуцлагын зуд нүүрлээд их удлаа. Энэ тал дээр анхаарч асуудлыг нэг тийш нь болгоё гэдэг улстөрч ховор. Энэ зуданд ард түмэн их өртөж, дарга, сайд нар өртдөггүй. Бид ардчилсан нийгэмд амьдраад 20 гаруй жил болж байна. Ардчилалыг хөгжүүлэх санаа нь зөв ч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байна. Хариуцлага, төр хоёр их зөрчилдөж байна. Хариуцлагагүй ардчилал гэж байж болохгүй. Ардчилалыг үгүйсгэснээр ардчилал зөв төлөвшихгүй. Хариуцлагыг төлөвшүүлэхгүйгээр ардчилал төлөвшихгүй. Хариуцлагыг нэмэгдүүлэх л хэрэгтэй. Энэ тал дээр анхаарч ажиллавал би дэмжинэ.

 

Ц.Оюунгэрэл: Энэ хуулийн төслийг хүлээж авахгүй гэвэл ичгэвтэр хэрэг

Энэ хуулийн төслийг хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авахгүй гэвэл ичгэвтэр хэрэг болно. Гишүүдийг бүх зүйлд буруутай гэж ярьдаг нь нийгэмд төр засгийн нэр хзндийг унагахад нөлөөлдөг. УИХ-д ч гэсэн ажлаа сайн хийдэг, хариуцлагатай, цаг барьдаг гишүүд олон байдаг. Харин манайхан ярихдаа УИХ-ын гишүүд бүгд хариуцлагагүй, муу гэж ярьдаг. Ингэж хавтгайруулж болохгүй. Хавтгайрлаас гарахад энэ хууль нөлөө үзүүлээсэй. Гадаадад төр засгийн төр засгийн тэргүүн нь өөрийнхөө эрдэм шинжилгээний ажилд өөр эрдэмтний нэрийг дурдалгүйгээр бүтээлээс нь оруулчихаад огцорч байна. Ийм л хариуцлагатай байх хэрэгтэй байна. Гадаадын олон орны хуулиудаас сайн судлаарай.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Дараа дараагийн хүмүүс харин энэ хуулиа мөрдөж, дагах та дээр анхаарах хэрэгтэй

Хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал бол өнөөдрийн нийгэмд яригдах асуудлын нэг яах аргагүй мөн. Гадаад орнуудын хувьд төрийн тэргүүнүүд нь энэ тал дээр их анхаардаг. Бас судалгааг их хийдэг юм байна. Хариуцлагын тухай хуулийн талаар ярихад их зориг хэрэгтэй. Харин энэ удаагийн зоригийг Ерөнхийлөгч гаргасан байна. Энэ хууль батлагдах юм бол дараа дараагийн сонгогдох хүмүүст их хэрэг болно. Дараа дараагийн хүмүүс харин энэ хуулиа мөрдөж, дагах та дээр анхаарах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: УИХ-ын гишүүнд хоёр жил л хариуцлага тооцно гэсэн үг үү

Өнөөдөр тулгамдаж байгаа асуудлын нэг нь энэ хариуцлага. Тэгэхдээ энэ оруулж ирсэн хууль маань өөрөө нийгмийг бүхэлд нь хамарч хариуцлага тооцно гэдэгт би эргэлзэж байна. Дээрх хуулийн заалтанд хууль ноцтой зөрчсөн гэдэг үг их байна. Хууль ноцтой зөрчинө гэдэг маань өөрөө юуны тухай ярьж байна вэ. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн болсон эхний жил болон сонгууль явагдах жил хариуцлага тооцохгүй гэсэн байна. Тэгэхээр УИХ-ын гишүүнд хоёр жил л хариуцлага тооцно гэсэн үг үү. Ёс зүйн алдаа 2-3 гаргасан тохиолдолд ёс зүйн хороогоор оруулж шийдвэрлэнэ гэж бас байна. УИХ-ын гишүүд хурал дээр бие биенээ элдвээр хэлж хараах явдал их байдаг. 2-3 алдаа гаргахад ёс зүйн хороонд өгчихөөд дараа нь яах вэ? Тухайн хүнийг яаж шийтгэх юм бэ. Хууль маань үндсэн хууль болон бусад хуулиудаар зохицуулагдах шаардлагатай байдаг. Гэтэл энэ хууль маань өөрөө бодит байдлаас хол, хөрсөн дээр буухгүй байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Мөнгөөр дамжиж УИХ-ийн гишүүн, Засаг дарга болдог асуудлаа болих хэрэгтэй

Ерөөсөө л ул суурьтай хандах хэрэгтэй байна. Аймгийн засаг дарга, нийслэлийн засаг даргад нэр дэвшихэд намдаа 50 сая төгрөг, УИХ-д нэр дэвшихэд намдаа 100 сая төгрөг хандивладаг. Мөнгөөр дамжиж УИХ-ийн гишүүн, Засаг дарга болдог асуудлаа болих хэрэгтэй. Хариуцлагын тухай хууль одоо ч гэсэн хэрэгжиж байгаа ш дээ. Харин ч энэ оруулж ирсэн хуулиас илүү дээр хууль байгаа. Энэ оруулж ирсэн хуулин дээр ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш саналаар гэсэн байна. Хуучин хуулинд нэг гишүүн ч гэсэн огцруулах асуудлыг оруулж ирж болдог байсан. Үндсэн хуулиа зөрчөөд өршөөл үзүүлдэг ерөнхийлөгчөөсөө хариуцлага нэхэе. Эрүүл мэндийн сайдаа тавихгүй байгаа Ч.Сайханбилгээс хариуцлага нэхэе. Одоо байгаа хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.  Хэрвээ энэ оруулж ирсэн хуулиа эрүүгийн хуультай холбохгүй бол уучлалт гуйгаад зогсож байх чинь инээдэм гэж нардуу нэг хүн ярьж байна. Бид нар 25 жил алдсан. Тэгэхдээ энэ алдаагаа далдлах, нуух хэрэггүй. Алдаагаа засая.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Засаг дарга нар шүүхийн шийдвэрийг үнэгүйдүүлж байна

АТГ болон үндсэн хуулийн цэц энэ асуудал дээр ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнээс гадна шилэн дансны хуулийн улам ил болгох хэрэгтэй. УИХ-д итгэх иргэдийн итгэл бүрэн алдагдсан. Хэрэв бүх нийтийн санал асуулга болвол ард иргэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгоход бэлэн байгаа. Үүнээс гадна энэ хариуцлагын тухай хуулиандаа гадна хөрөнгө оруулалтыг унагаасан, хөрөнгө оруулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Орон нутагт энэ хариуцлагын хэм хэмжээ бүр алдагдсан. Засаг дарга нар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог болсон. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31685
0 эможи
keyboard_arrow_up