Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд нэр томъёоны хувьд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан талаар төсөл санаачлагч дурдлаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдснаар татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчим бүрэн хангагдаж, олон улсын жишигт нийцсэн, оновчтой, тогтвортой татварын орчинг бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм байна.