Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Хэн,Юу хэлэв?

2016 оны 4 сарын 08

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь  Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд оршдог.

 

Өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог билээ. Тэгэл өчигдөрийн чуулганы хуралдаанаар Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нар санаачлан боловсруулжээ. Уг асуудлыг хэлэлцэх эсэх үеэр Хэн, Юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ тогтоолыг биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулсан гэж ойлгож байна

Байнгын хорооны шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах үүрэг Засгийн Газарт өгсөн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Нэгэнт Засгийн газар хэрэгжүүлэхгүй байсан тул УИХ-ын гишүүд Тост,Тосон бумбын нурууг хамгаалалтад авах хуулийн төсөл өргөн барилаа.

Гурван тэс сумын газар нутгийн 70 хувийг лицензээр олгоод ард түмнийг нь доромжилсон. Энэ тогтоолыг биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулсан тогтоол болно гэж ойлгож байна. Тэр залуу Тост Тосон бумбын нурууг ард түмний анхааралд оруулж, энэ тогтоолыг гаргуулсан.

УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг: Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна

Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна. 2012 онд бид олгосон тусгай зөвшөөрлийнхөө 40 орчим хувийг цуцлаад бөөн асуудал үүссэн. Иймд уг асуудалд болгоомжтой хандах ёстой.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Хөвсгөлийн Ханх зэрэг зарим нутгийг тусгай хамгаалалттай дэглэмээс гаргахаар ярьж байгаа

Сүүлийн жилүүдэд судалгааны ажлыг нэлээн  сайн хийсэн. Одоогийн тусгай хамгаалалтын газар нутгийг нэмж 4 газрыг хамруулахаар болж байгаа. Эко системийн хувьд аль нь ач холбогдолтой байх вэ гэдгийг харгалзсан. Мөн Хөвсгөлийн Ханх зэрэг зарим нутгийг тусгай хамгаалалттай дэглэмээс гаргахаар ярьж байгаа.

УИХ-ын гишүүн  Л.Эрдэнэчимэг: Тосон бумбын нуруу Гурвантэс сумын нутагт үлдсэн цорын ганц бэлчээрийн нутаг

Тост, тосон бумбад ашиглалтын лицензтэй компани байгаа ч олборлолт хийгээгүй байгаа. Дархан цаазат газраар авчихвал тэнд амьдарч байгаа 250 айл нүүх болно. Тэдний малын бэлчээр, өвөлжөө, хаваржаа тэнд бий. Тиймээс байгалийн нөөцөөр авах гээд байгаа юм. Тогтоолын төслийг УИХ-аар баталчих юм бол координатыг ЗГ тогтооно. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл батлагдсаны дараа координатыг тогтоох асуудал дээр Засгийн газартай хамтран ажиллана.    

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр нүүрс зарагдахгүй байгаа учраас, компаниуд ашиггүй байгаа учраас өөрсдийнхөө төлбөрийг нөхчих вий

УИХ-аас нэг дор хоёр ижил тогтоол гаргаж болохгүй. Өргөдлийн байнгын хорооны Засгийн газарт өгсөн шийдвэрээ хүчингүй болгоорой. Өнөөдөр нүүрс зарагдахгүй байгаа учраас, компаниуд ашиггүй байгаа учраас өөрсдийнхөө төлбөрийг нөхчих вий. Тэнд зөвхөн нүүрс л бий. Судалгаатай байх хэрэгтэй. З.Энхболд намынхандаа үйлчилж байгаа юм шиг заримыг нь 4 жил магтаж, заримыг нь ялгаварладаг болих хэрэгтэй. Тос  тосон бумбын талаар ярихаас гадна тэнд байгаль хамгаалагч байсан Сүмбээ гэж байгаль хамгаалагч хүүгийн талаар ярих хэрэгтэй. Хэлбэрийн төдий хэрэгжихгүй тогтоол гаргахаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулиа зөрчсөн тогтоол өргөн бариад оруулж ирсэн гэдэгтэй санал нэг байгаа

Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авах газар нутгийг оруулж ирэхээр бэлтгэгдсэн байна. Засгийн ажлын хажуугаар УИХ-ын гишүүд гүйгээд байх шаардлагагүй.  БОНХАЖЯ үүн дээр тэргүүлэх чиглэлтэй санаачлагатай явах ёстой. Гэвч тэгж ажиллаж чадсангүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31304
0 эможи
keyboard_arrow_up