АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын Конгрессын гишүүн Стив Шабот, Стефен Линч болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүн байлцлаа.
Ноён Стив Шабот хэлэхдээ, Монгол Улс Өмнөд Судан, Косово, Ирак, Афганистан зэрэг орнуудад цэргээ илгээж Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нэр хүндтэй оролцож байна. Цөөхөн хүн амтай хэдий ч энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын төрийн бодлого зөв явж буйг илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улс бол ардчиллыг хөгжүүлж буй үлгэр жишээ орнуудын нэг гэж бид хардаг хэмээн онцлон тэмдэглэв. УИХ-ын дарга З.Энхболд "Конгрессын гишүүн Стив Шабот, Стефен Линч болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл нартай уулзаж байгаадаа баяртай байна. Манай Улсын энхийг сахиулагчдын талаар таатай сэтгэгдэлтэй байгаад талархаж байна" гээд Монгол Улс АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэх боломжтой хэмээн онцлов.
Монгол Улс АНУ-тай 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж буй юм.