Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр уншиж сонсгов. Үүний дараа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын дагуу гүйцээн боловсруулах чиглэлээр гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Эцэст нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан өргөн мэдүүлсэн 15 хуулийн төслийг баталлаа.
Дараа нь Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учир төслүүдийг санаачлагчид нь буцаалаа.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлын талаарх уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн А.Бакей гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ. Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.