Х.Баттулга сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар танилцууллаа.
Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг өчигдөр үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын хамсарсан хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Ерөнхий сайдын илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Лүндээжанцан нарын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нараас асуулт асууж тодруулсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 54 нь буюу 78.3 хувь нь дэмжсэн тул Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа