Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэний дараа дангаараа үргэлжлүүлэн хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ажлын хэсгүүд байгуулах тухай хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараар ахлуулан байгуулахаар болов. Мөн Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Дараа нь Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонслоо.
Засгийн газраас олон улсын зах зээл дээр анх удаа 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг босгож, зарцуулалтын асуудлыг Бодлогын зөвлөлөөрөө хэлэлцэн Засгийн газрын шийдвэрийн дагуу шийдвэрлэж ирлээ. “Чингис” бондын мөнгийг Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Санхүүгийн зуучлалын гэрээ”-ний дагуу тодорхой хүүтэйгээр Монголбанкинд байршуулсан бөгөөд бондын эх үүсвэрээс Монголбанкинд нийт 1 тэрбум 230.1 сая ам.долларыг зарж, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Улсын төсвөөс эргэн төлөгдөх аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замууд, ”Гудамж” төсөл , нийслэлийн дэд бүтэц гэсэн төслүүдэд “Чингис” бондын 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын эх үүсвэрээс бүхэлд нь санхүүжилт хийхээр хуваарилсан бөгөөд эдгээр төслүүдийн үндсэн зээлийн эргэн төлөлт болох 1 их наяд 97 тэрбум төгрөг 2022 оны улсын төсвөөс төлөгдөнө. Төсөвт ачаалалт үүсгэхгүйн тулд 2022 он хүртэл “Чингис” бондын үндсэн төлбөрт улсын төсвөөс нэг ч төгрөг төлөхгүйгээр зохицуулсан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд танилцуулгадаа дурдлаа.
“Чингис” бондыг 2012 оны 11 дүгээр сард олон улсын зах зээл дээрээс босгосон нь цагаа олсон зөв алхам болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Хэрэв “Чингис” бондыг өнөөдөр гаргасан бол жил бүр 45 сая ам.долларыг бондын хүүгийн төлбөрт илүү төлөх байсан гэдгийг сайд онцлоод бондын хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс тодорхой танилцуулав. “Чингис” бондын улс орны эдийн засагт үзүүлж буй нөлөөний тухайд сайд хэлэхдээ, валютын нөөцийг нэмэгдүүлсэн, ханш тогтворжуулах нөхцөл бүрдүүлсэн , 2006 оноос хойш сайжраад, 2012 оноос огцом буурсан валютын урсгалыг нөхсөн, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг эрчимжүүлж, болзошгүй хямралаас сэргийлэх боломжтой болсон, моргейжийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн, их бүтээн байгуулалт хийгдсэн зэргийг онцлон дурдлаа. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодрууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яамны холбогдох ажилтнууд оролцсон юм.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Дараа нь байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.