Төсвийн зардлын хэмнэлтийн талаарх тооцоог яам тус бүрээр гаргажээ

2014 оны 5 сарын 14

 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан болон ажлын хэсгийн гишүүд, мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчид оролцов.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Тухайлахад, Улсын Их Хурлын дарга З.Энхболд төсвийн тодотголоос харахад төсвийн зардлын хэмнэлтийг байгууллагууд дээр өөр өөр тооцсон байна. УИХ, Улсын дээд шүүх, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн гурван байгууллагын зардлыг бараг 20 хувиар хассан атлаа Засгийн газрын зардлын дундаж хасалт 5.7 хувьтай, тэр байтугай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зардлыг нэмэгдүүлж оруулж ирсний учрыг Сангийн сайдаас тодруулав. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Байгууллагуудын зардлын бүтцийн зөрүүгээс болоод тооцооны явцад ийм зүйл гарсан. Тодотголыг боловсруулахдаа бүх урсгал зардлыг хасаагүй, харин тэвчиж болох 20 төрлийн тодорхой зардлыг авч үзэж тооцсон учраас нийт зардалд эдгээрийн эзэлж буй хувь өндөр байгууллагад хасалт илүү байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зардал нэмэгдсэн тухайд Боомтын захиргаа шинээр байгуулсантай холбогдож төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зохицуулалт хийгдсэн, гэхдээ нийт дүнгээрээ зардал өсөөгүй” гэсэн хариулт өгөөд төсвийн зардлын хэмнэлтийн талаарх тооцоог яамд тус бүрээр гаргаж танилцууллаа.

Мөн байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар урсгал зардлаас хэдий хэрийн хэмнэлт гарч байгааг тодруулахад Сангийн сайд “УИХ-аас тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу тэвчиж болох зардлыг бараа, ажил, үйлчилгээний нийт 20 үзүүлэлтээр авч үзээд 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг тооцож тусгасан. Харин Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу төсөвт байгууллагуудын урсгал зардлыг нийтэд нь 20 хувь хэмнэх үүргийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргаад байна. Энэ дагуу төсвийн тодотголын төслийг шинээр боловсруулж оруулж ирэх болно” гэсэн хариулт өгөв.

Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.  Дараа нь Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүд танилцаад уг төслийг Засгийн газар татаж авах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хамт дахин УИХ-д өргөн барих талаар Засгийн газар дээрээ ажиллая гэсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны байр суурийг дэмжив. Иймээс байнгын хорооны гишүүд уг асуудлыг хойшлуулж дахин хэлэлцэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2952
0 эможи
keyboard_arrow_up