Урсгал зардлыг 100,0 хүртэл тэрбум төгрөгөөр бууруулахаар боллоо

2014 оны 5 сарын 14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар тус салбарын сайдуудын төсвийн багцын өөрчлөлтийн талаар товч танилцуулсан юм

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны төсвийн нийт багц 74 тэрбум 939,7 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 62 тэрбум 591 сая төгрөг нь урсгал зардал, 12 тэрбум 348,7 сая төгрөг нь хөрөнгийн зардал байна. 2014 оны төсвийн хуульд тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газраас урсгал зардлыг 10-30 хувиар багасгах чиглэл өгсний дагуу сайдын 2014 оны төсвийн урсгал зардлаас 938,9 сая төгрөг тодотголоор хасагдахаар болж байна. Энэ хасагдаж буй мөнгөн дүнд бичиг хэрэг, тээвэр шатахуун, мэдээлэл сурталчилгааны зардал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал, гадаад болон дотоод томилолт, төвлөрсөн арга хэмжээ зэрэг 16 зардлын ангиллаас хасагдаж, зардлын ангилал бүрээс 2,0-20,7 хүртэл хувиар буюу 2,6 саяас 451,1 сая төгрөгөөр багасах тооцоо гарчээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлыг 128,1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлыг 57,7 тэрбум төгрөг нийт 185,8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар урсгал зардлыг 100,0 хүртэл тэрбум төгрөгөөр бууруулахаар хэлэлцэж, урсгал зардлыг 6,0 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд хийгдсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2942
0 эможи
keyboard_arrow_up