УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд өргөн барив.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй байгааг төсөл санаачлагч тайлбарлав. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын даргад танилцуулав.
Мөн өнөөдөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.