Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагч гишүүн С.Баярцогтын хүсэлтээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулав.
Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан болон ажлын хэсгийн гишүүд, мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчид оролцов.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар тодотголын төслийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд боловсруулсан эсэхийг тодруулахад Сангийн сайд Ч.Улаан “Энэ удаагийн тодотголыг УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу боловсруулж оруулж ирсэн. Тодотголыг боловсруулахдаа батлагдсан төсвийг хөндөхгүйгээр зарим төрлийн урсгал зардлыг бууруулах замаар нэн тэргүүнд тулгамдсан зайлшгүй шийдэх асуудлыг тусгах зарчмыг баримталсан. Энэ үүднээс урсгал зардлыг нийт дүнгээр 40 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэсэн хөрөнгөнөөс гурван талт хэлэлцээрийн дагуу цалин хөлсийг нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнчлэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан.
Харин УИХ-аас сая баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар өнгөрсөн хуралдаанаараа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол баталлаа. Гэхдээ хугацаа шаардсан ажил нэлээд бий. Иймээс Засгийн газар энэ оны улсын төсвийн тодотголыг иж бүрнээр нь боловсруулан 8 дугаар сар гэхэд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэсэн хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого тасалдаж буйн учир шалтгааныг тодруулахад “Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа, “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа, энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа” гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг хэмнэлтийг яаж гаргаж байгаа, ялангуяа төсвийн хөрөнгө мөнгөөр сурталчилгаа явуулахгүй байхад хэрхэн анхаарч байгааг Сангийн сайдаас тодруулахад “Тэвчиж болох зардлын хүрээнд бараа, ажил, үйлчилгээний зардлыг нийт дүнгээр нь авч үзэхэд 15 хувиар хэмнэх тооцоо гарч байгаа. Төсөвт тусгасан “мэдээлэл, сурталчилгааны зардал” гэсэн хэсэгт нийтдээ 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсанаас одоогоор 4 тэрбумын үлдэгдэлтэй байгаа. Үүнийг 30 хувиар хэмнэж, нийтдээ 1 тэрбум 39 сая төгрөгөөр багасгахаар тооцсон” гэсэн хариулт өгөв.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Цог, Сү.Батболд нар саналаа хэллээ. Энэ үеэр гишүүн М.Энхболд Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хойшлуулж жинхэнэ тодотголыг оруулж ирэх үед хамтад нь хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнгүй.
Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.