Ж.БАТЗАНДАН: ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХГҮЙ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандантай ярилцлаа.
-НИТХ-ын дарга Д.Баттулга хотын мандатыг нэмэгдүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Дүүргээс сонгогдсон гишүүний хувьд хотын мандатыг нэмэгдүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Харин МАН-ын бүлгийнхэн үүнийг эсэргүүцэж байгаа. Ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд?
-Хотын мандатыг нэмэгдүүлэх эсэх асуудал олон жил яригдаж байгаа. УИХ-ын болон орон нутгийн удирдлагын тогтолцоог бий болгохдоо хүн ам газар нутгийн хэмжээг харгалзан үзнэ гэж хуулинд тодорхой заасан байгаа. Одоогийн УИХ-ын 76 гишүүний олонхи нь хөдөөнөөс сонгогддог байдлаар сүүлийн 25 жил явж ирлээ. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдарч байна. Тэгэхээр мандатын тоог тогтоох үндсэн зарчим алдагдсан гэж харж байгаа. Газар нутгийн хэмжээ хэзээ ч өөрчлөгддөггүй, маргах шаардлагагүй. Харин хүн амын тоо байнга өөрчлөгддөг. Сүүлийн 10 жилийн дотор Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн байна. Хүн амын тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулж мандатын тоог зайлшгүй эргэн харж, хуулиндаа нийцүүлэх ёстой. Арван хэдхэн мянган сонгогчтой Дундговь аймаг УИХ-ын нэг гишүүнтэй байхад 200 гаруй мянган сонгогчтой Баянзүрх дүүрэг гурван гишүүнтэй буюу нэг гишүүнд оногдох сонгогчдын тоо нь Дундговь, Сүхбаатар болон бусад аймагтай харьцуулбал 5-10 дахин их байна. Энэ нөхцөл байдлыг өөрчилье гэж байна. Хүн амын тоо эрс нэмэгдсэн, хөдөөнөөс нүүдэл суудал ихэссэн. Хотын төлөөллийг нэмэгдүүлэхгүй бол Улаанбаатар хотын зам, утаа зэрэг олон асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Улсын төсвийн мөнгө, хөрөнгө оруулалтын дийлэнхи нь хөдөө орон нутаг руу явсаар байна. 500 хүнтэй сум руу 50 тэрбум төгрөгөөр цахилгаан татдаг, 10 тэрбумаар дэд бүтэц хийдэг байдал зогсохгүй байна. Монгол Улсын төсвийн хөрөнгө 330 сум руу хуваагдаж тараад аманд ч үгүй, хамарт ч үгүй боллоо. Гэтэл хүн амынх нь талаас илүү хувь нь Улаанбаатар хотод хэдийнээ суурьшсан байна. Өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалдаа тохируулж бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Энэ бол Улс төрийн асуудал биш. Энэ бол амьдралын асуудал. Шударга ёсны хэмжүүр гэж байдаг бол Улаанбаатар хотын төлөөллийг нэмэгдүүлж хотын иргэдэд сонгох, сонгогдох, улс төрийн төлөөлөлтэй байх эрхийг нь олгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Улс төрийн асуудал гэж хараад байна?
-МАН-ынхан сөрөг хүчин. Сөрөг хүчин ихэнхдээ сайн ч байсан, муу ч байсан эсэргүүцдэг. Ардын намынхан сөрөг хүчнийхээ үүргийг л гүйцэтгэж байгаа гэж харж байгаа.
-Хуульд заасан хугацаа ёсоор мандатын тоог нэмэх асуудлыг энэ сарын 29-ний дотор хэлэлцэх ёстой гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр хугацаандаа амжиж мандатын тоог нэмэх асуудлыг хэлэлцэж чадахгүй гэх юм?
-Хугацааны хязгаарлалт гэж байхгүй. Мандатын тоог Сонгуулийн Ерөнхий хорооноос оруулж ирснээр УИХ тогтоол гаргаж батлах ёстой.
-Та 500 хүн амтай сум руу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байхаар хот руу хөрөнгө оруулалтаа хийе гэж хэллээ. Тэнд хөгжилгүй бол хот руу нүүх нүүдэл харин ч ихсэх юм биш үү?
-Сүүлийн 25 жил орон нутгаас хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилж байна. Зарим сумд бараг хүнгүй шахуу болсон. Зарим аймгийн хүн амын тоо эрс багассан. Монголчууд төв рүүгээ чиглэх нүүдэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Цаг хугацаа, орчин нөхцөл, төв рүү чиглэх нүүдэл биднээс шинэ хууль дүрэм, эрхзүйн орчин нөхцлийг шаардаж байна. Бид хөдөөний хүмүүс гээд хөдөөний маягаараа хотод амьдарч болохгүй. Бид малчин удмын хүмүүс гээд орчин үеийн Монголыг малчин удмаар удирдах ямар ч боломжгүй. Орчин үеийн Монгол бол орчин үеийн дүрэм, журмыг шаардаж байгаа.
-Хотын газар нутгийн даац хүрэлцэх үү. Одоо чинь иргэдэд олгох газар бараг л дууссан гээд байгаа шүү дээ. Дөрвөн уулын дундаас яаж тэлэх вэ?
-Яваандаа хөдөөгийн амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөж, сайжирсан тохиолдолд хотоос хөдөө рүү чиглэсэн нүүдэл бий болно. Англи, Америк хүмүүс шиг хотдоо биш хөдөө амьдрахыг хүсдэг тэр цаг үе ирнэ гэдэгт би итгэдэг. Тэр үед ч гэсэн хууль дүрэм журмаа шинээр бий болж байгаа нөхцөлд тохируулан өөрчлөх хэрэгтэй. Би МАН-ынхныг ухаалаг, уян хатан эрүүл хандлагаар асуудалд ханддаг байгаасай гэж хүсч байна. Түүнээс биш сөрөг хүчин гэдэг бол эсэргүүцдэг хүчин биш. Сөрөг хүчин гэдэг бол зөв шийдвэр гаргахын тулд хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
-Засгийн газрыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар огцрохгүй. Энэ асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ огцрохгүй. Энэ тодорхой.
-МАН-ынхан 100 хувь бүлгээрээ огцруулах ёстой гэж дэмжсэн гэсэн?
-МАН бол сөрөг хүчин. Сөрөг хүчний хийдэг ажил бол эсэргүүцэх, огцруулах, хориглох, зогсоох. Манайд ийм сөрөг хүчин биш бүтээлч сөрөг хүчин хэрэгтэй. Ардын нам сөрөг хүчнийхээ ажлыг зөв хийж чадахгүй байгаа. Ардын намынхныг сөрөг хүчний ажлаа зөв хийж сур гэж хэлмээр байна. Эрх баригч байхдаа ч Монгол орныг буруу замаар удирдаж байсан. Одоо сөрөг хүчний байр суурин дээрээс ч Монголын хөгжлийг зогсоох гацаах ажлыг хийж байна. Одоо болих хэрэгтэй. Битгий улс төр хий гэж тэр хүмүүст хэлмээр байна.
-Улс төрийн энэ хагарал эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж ярьж байна. Хоёр тийшээ хараад талцаж суухаар улс орныхоо төлөө нэгдэж нийлээд ажиллаж болдоггүй юм уу гэдгийг иргэд их асуух юм?
-Бид 25 жилийн өмнө ардчилсан тогтолцоог сонгосон. Олон намын тогтолцоог сонгосон. Асуудлыг шийдэхдээ маргалдаж, мэтгэлцэж эрүүл ухааныг уралдуулж шийдвэрлэх энэ тогтолцоо руу орсон. Харамсалтай нь манай зарим улс төрийн намууд эрүүл ухааныг уралдуулах биш эрүүл бус ухааныг уралдуулж байгаа. Энэ нь Монголоо хөгжүүлэхэд саад болж байгаа нь үнэн. Гэхдээ Монгол орон бусад улс орнуудтай харьцуулахад тайван орон. Монгол төрийн ажил явдгаараа явж байгаа.