Г.Баярсайхан дарга Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар батлагдсан Мод тарих үндэсний өдөр буюу энэ сарын 10-ны өдөр тохиож байгаа билээ. Нийтээрээ мод тарих энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт тус байнгын хорооны гишүүд мод тарих ажилд оролцов. Мөн Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны төлөөлөгчид, байгаль орчны чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, болон иргэдийн төлөөлөл нийт 120 гаруй хүмүүс мод тарисан юм.
Эрхэм гишүүн жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-г моджуулах ажилд оролцож, мод, бут, сөөг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилахыг уриалсан.
Мөн энэ жил ой модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо ерэн мянган мод тарих ажлыг эхлүүлж, нээлтийг нь өнөөдөр “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-ээс эхлүүлж байгааг тус холбооны тэргүүн Д.Баасанбямба дуулгасан. Энэ онд тус хүрээлэнд 40 төрлийн 900 гаруй мод тарьж ургуулхаар төлөвлөжээ.