УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиосон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нээлттэй өдөрлөгөө мөн зохион байгуулсан юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэхүү өдөрлөгийн нээлтийн үеэр, “Модгүй бол усгүй. Усгүй бол амьдрал үгүй. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд амьдралыг тэтгэгч энэ шидэт ургамлыг тарьж, байгаль орчноо хамгаалахад гар бие оролцсоор ирсэн уламжлалтай. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргахад манай хамт олон талархан хүлээн авсан билээ. Энэ өдөр бид нийслэлчүүдийн цугларч чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай газар болсон Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, бүтээн байгуулалтад нь оролцож байгаадаа туйлын баяртай байна” гэлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын Тамгын газраас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчны яам, тус яамны харьяа агентлагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг 35 байгууллагын ажилтнууд нийт 1700 гаруй мод тарьсан юм.
Мод тарих ажил амжилттай дууссаны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Болдбаатар энэ өдөрлөгт оролцсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирүүлсэн талархлын бичгийг Тамгын газрын ажилтнуудад гардуулсан юм.
975 га талбай бүхий Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 55 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 10 мянга гаруй модтой болжээ. Моддын ургалт 93 хувьтай байгаа нь саяхан хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Энэ өдөр БОНХЯ-наас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй яамны харьяа 16 байгууллагын ажилтнууд иргэдэд мод бут тарих мэдээллийг өгч, гарын авлага тараасан юм.