А.Бакей: Улс төр нь эмзэг, эдийн засаг нь хүнд байхад доргилт өгөх хэрэггүй
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах асуудал дуулианы сэдэв болчихоод байна. Та Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар бараг таван цаг гаруй хүлээсэн. Гэтэл үдээс хойш байнгын хороо хуралдсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авчихлаа л даа?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хоёр ч чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах байсан ч чадсангүй л дээ. Эхнийх нь Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Болж өгвөл үдээс өмнө байнгын хороо, үдээс хойш чуулганаар хэлэлцээд огцрох нь уу, үлдэх нь үү тэр нь хамаагүй энэ асуудлыг нэг тийш нь болгоё гэж ярьж байсан. Хамгийн гол нь улстөржилтийг нэг тийш нь болгох ёстой гэсэн байр суурьтай байлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Г.Уянга нарын гишүүд өөрсдөө хуралдаа ирээгүйгээс болж хойшилсон уу. Г.Уянга гишүүн бол ирц бүрдэхийг хүлээж байна гэсэн байна лээ?
-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүд өөрсдөө орж ирж асуудлаа танилцуулаагүйгээс байнгын хороо үдээс өмнө хуралдаж чадаагүй. Өөрсдөө огцруулах санал гаргачихаад, өөрсдөө зугтаагаад байгаа нь гайхмаар. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өөрсдөө хэлэлц гэж санал гаргачихаад, өөрсдөө эхлээд завсарлага авчих юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн том албан тушаалыг огцруулна гэдэг чинь хариуцлагатай асуудал.
-Уг асуудлыг өргөн барихаасаа өмнө сайтар ярилцаж, байр сууриа нэгтгэх ёстой байсан ч тэгж амжаагүй бололтой?
-Өргөн барихаасаа өмнө маш нарийн бодож, судалж, бүлэг дээрээ ярьж, саналаа оруулж ирэх ёстой. Тэгсэн болов уу гэж бодсон чинь дахиад судлах асуудал гараад байна гэх юм. Улс орны нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Цас зудын асуудал хүнд байна. Ийм үед сандал ширээний асуудал яриад хоорондоо хэрэлдээд суух нь хэнд ч онц биш. Ард түмэн бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хүсээгүй. Харин нэг өдөр ч гэсэн бидний амьдралд хэрэгтэй тогтоол, шийдвэр, хууль тогтоомжийг УИХ хурдан гаргаж хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа юм. Түүнээс сандал ширээний асуудлыг ард түмэн хүсээгүй байгаа.
-Чуулганы хуралдаан дээр байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Дэгийн тухай хууль зөрчсөн гэдгийг хэлж байна. Гадаадад томилолттой явж байгаа Н.Батцэрэг гишүүний эзгүйд ийм томилгоо хийсэнд зарим гишүүд дургүйцлээ илэрхийлж байлаа?
-УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэр бол хууль тогтоомжид нийцэж байх ёстой. УИХ хууль тогтоох дээд байгууллагын хувьд үйл ажиллагаа нь тасралтгүй, жигд явах ёстой.
Түүнээс биш хүүхдийн тоглоом маягтай, янз янзын ааш зан гаргах тухай биш юм. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар бол УИХ-ын ямар ч гишүүн ямар ч байнгын хороонд харьяалагдах эрхтэй. Бүлэгт харьяалагддаг гишүүн бүлгийн саналыг УИХ-ын даргад албан бичгээр уламжлаад тэр саналд тулгуурлаад УИХ-ын тогтоол гарах журамтай. Энэ нь Дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр зохицуулагдсан байгаа.
- 14.1-д УИХ дахь нам эвслийн бүлгийн бүрэлдэхүүнийг зарласны дараа Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг дараахь журмаар батална.
- 14.1.1-д гишүүд Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүд УИХ-ын даргад ирүүлнэ гэж байна. Өнөөдрийн хувьд Н.Батцэрэг, Г.Батхүү гишүүн хоёулаа бүлэгт харьяалагддаг.
- 14.1.2-т нам, эвслийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг Байнгын хороодод хуваарилах саналаа УИХ-ын даргад ирүүлнэ гэсний дагуу хоёр бүлэг саналаа УИХ-ын даргад ирүүлсэн байна.
- 14.1.3-т УИХ-ын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалагдаагүй гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ-ын дарга энэ саналыг танилцуулсан. Энэ гурван заалт бол анх УИХ-ын сонгуулййн дараа Их хурал бүрэлдэхдээ байнгын хороодыг бүрдүүлэхтэй холбоотой заалт.
Тэрнээс гадна 14.2-т Нэгдсэн хуралдаан УИХ-ын даргаас энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу оруулсан саналыг хэлэлцэж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална гэж байгаа. Харин 14.3-т гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 14.1-14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бол цоо шинээр бүрдүүлж байгаа бус байнгын хорооны харьяалал өөрчилж байгаа асуудал. Мэдээж хоёр гишүүнтэй ярьсан байх. Тэр дагуу бүлэг нь шийдвэр гаргаад бичгээр хандсан учраас асуудал шийдэгдсэн.
-Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авч байгааг харахад МАН-ын бүлэг дотроо нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулъя гээд нөгөе хэсэг нь Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн саналтай байгаа өнгө аяс ажиглагдаад байна. Үүнийгээ нэгтгэхийн тулд завсарлага авсан болов уу гэж хараад байна л даа?
-Би тэр талаар нарийн мэдээлэлгүй байна. Магадгүй таны хэлсэн шиг байж болно. Яагаад гэхээр УИХ-д олон жил төрийн эрх барьсан, туршлагатай гэж болох МАН-ын зарим гишүүд Г.Уянга гишүүний албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурчихсан байна. Уг нь МАН-ын бүлэг гишүүдээ хайрцаглаж, аливаа асуудпыг нэгдсэн журмаар зохицуулах туршлагатай нам мөртлөө ингэж хөдөлж байгааг нь би ч бас ойлгохгүй байна. Хэрэв Засгийн газрыг огцруулъя гэвэл заавал өөр бүлгийн гишүүнтэй нийлэхгүйгээр бүлгийн 26 гишүүн нь ч гарын үсэг зураад огцруулах санал гаргах боломжтой. Энэ бол тэр намын бүлгийн асуудал. Гэхдээ ийм туршлагатай нам ийм алхам хийж байгааг ойлгохгүй байна.
-Засгийн газар огцорлоо гэж муугаар бодоход улс төрийн нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой байх. Нийгэм эдийн засгийн хувь ч тэр, цас зудтай байгаа энэ үед улс төрийн зуд ч гэж хэлж болохоор харагдаж байна л даа?
-Жирийн иргэд бол төр тогтвортой байгаасай, өөрсдийн ахуй амьдралыг сайжруулах төрийн бодлого шийдвэр хурдан гарч, хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа. Түүнээс биш хэн нэгэн сайд огцрох нь тэдэнд сонирхолтой асуудал биш байгаа юм л даа. Тийм учраас муугаар бодоод огцорлоо гэхэд сайн зүйл авчрахгүй. Яагаад гэвэл дахиад л Засгийн газар бүрдүүлнэ гээд цаг алдана. Энэ хооронд Их хурлын гишүүд нь сандал ширээгээ булаацалдана. Улс төрийн нам хүчнүүд бужигнана. Тэртэй тэргүй УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдэж байхад ийм асуудал хэнд ч хэрэггүй.
Үнэхээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд Ерөнхий сайдыг заавал огцруулах хэмжээнд биш бусад арга хэлбэрээр хэрэгжүүлэх, алдаатай буруу шийдвэр гаргасан бол асуулга тавих, хяналт тавих, шалгалт хийх бүрэн боломжтой. Ерөнхий сайд огцорно гэдэг чинь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг. Улс төр нь эмзэг, эдийн засаг нь хүнд байхад доргилт өгөх хэрэггүй.
-Огцруулах саналыг өргөн барьснаас болж Засгийн газраас Олон улсын зах зээл дээр гаргах гэж байсан бонд гацаанд орлоо гэдэг зүйл яригдаж байна?
-Тэгэлгүй яахав дээ. Олон улсын донор байгууллагууд, гадаадулсорнуудбүгд Монполыг харж байгаа. Монгол Улсын төр засаг үлдсэн хугацаандаа тогтвортой байх нь уу, үгүй юу гээд бүгд харж байгаа. Засгийн газраа огцруулаад улс төрийн тогтворгүй байдал газар авбал дэмжпэг үзүүлэх, хамтран ажиллахаасаа тэд татгалзана. Эргээд сүүдэр нь ард түмэн дээрээ л тусна.