"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 05 дахь дугаарын тойм

2016 оны 1 сарын 25

Эмхэтгэлийн шинэ дугаарт,

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тодорхойлж, бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас Монголын улаан загалмай нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах, улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдгийг хэрэглэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад  энэ хуулийн зорилт оршиж байна.

Нийгэмлэг нь зорилго, чиг үүрэгтээ хамаарах дараах асуудлыг

  • хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;
  • гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
  • гамшиг, осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
  • олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;
  • хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрхлэх ажээ.

Үүнээс гадна нийгэмлэгийн бие даасан байдал, санхүүжилтийн эх үүсвэр, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улаан загалмайн нэр, таних тэмдэг болон бэлгэ тэмдэг хэрэглэх эрх зэргийг хуульчилж өгсөн байна.

Мөн дугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

·“Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,

·“Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.”

· “Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно.” гэж зарим  зүйл, заалтыг өөрчлөн найруулжээ.

Хуулийн Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт гэсэн зүйлд,

·“Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.”

Үндсэн хуулийн цэц

· хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

·зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

·Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

·Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

·ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

·Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх

 гэсэн маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргах юм байна.

Мөн Үндсэн хуулийн  цэц   

·Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;

·Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

·Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

·Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

·Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх  маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулахаар хуульд тусгагджээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуульд, тухайлбал,

· “Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.”  гэсэн агуулгатай хэсэг нэмж,

·“Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.”

·“Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн хэсгийг өөрчлөн найруулсан байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэхийг  журамлажээ.

Эмхэтгэлд, нийтлэгдсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуульд,

· “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмж,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд,

·“Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэсэн зүйлийг өөрчлөн найруулсан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

http://open.parliament.mn/content/8440.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28170
0 эможи
keyboard_arrow_up