Арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байжээ
2016 оны 1 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2016.01.23/ “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. "Талст трейд" компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бол Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 16 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ барилга угсралтын олон компанид нийлүүлж, хамтран ажилладаг бөгөөд арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байгаагаа хэлж байв.
Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ипотекийн зээл сэргэж, иргэд орон сууцаа худалдан авч эхлэхээр барилга угсралтын компаниудын санхүүгийн нөхцөл байдал сэргэж эхэлнэ. Үүнийг дагаад барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа. Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажилласан албаны хүмүүсийн хамтаар “Талст трейд” ХХК-ийн металл хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28161
0 эможи