УИХ-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав

2016 оны 1 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр  /2016.01.23/  “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав. 
 

Энэ өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хороололд ажилласан юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа 2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт зочиллоо. Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээл зогсоох шийдвэр 12 дугаар сард гаргахад “Буянт-Ухаа 2” хороололд орохоор ипотекийн зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орох боломжгүй болсон юм. Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн байдлаар 100 гаруй өрхийнх зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод байгаа юм. 4 ам бүлтэй О.Гэрэлсайханых тэдгээр өрхүүдийн нэг бөгөөд төр засгаас иргэдээ дэмжин, асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн орон сууц шинээр ашиглалтад орж, айл өрхүүд орон сууцтай болохын хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой талаар хэлж байв. 

Иргэн О.Гэрэлсайханы өрхийн сарын орлого 1 сая төгрөг бөгөөд 1м2 нь 1.350.000 төгрөгийн үнэтэй 49 м2 орон сууцанд ороод байгаа юм байна. Төрөөс иргэдээ орон сууцжуулахад анхаарч, хямд өртөгтэй хороолол бариагүй бол тус гэр бүл орон сууцанд орох боломжгүй байсан талаар хэлж байлаа. Олон жил ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд төр засгаас явуулж буй бодлого, шийдвэрийн дэмжлэгтэйгээр шинэ орон сууцтай болсон хэмээн О.Гэрэлсайханы гэр бүлийнхэн хэлж байлаа. Улсын Их Хурлын дарга “Үндсэн хуулийн цэцийн буруу шийдвэрээс үүдэн банкууд ипотекийн зээл олгохоо зогсоосон. Харин Улсын Их Хурал тэр шийдвэрийг өөрчилж, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэхээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гарагт Улсын Их Хурал баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна, одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ.  
Ипотекийн зээл нь олон сайн үр дүн үзүүлж байгаа талаар энэ үеэр иргэд ярьж байлаа. Тухайлбал аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилгын худалдан авалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээн ярьж байлаа. 
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28160
0 эможи
keyboard_arrow_up