Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.22.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтов.
Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Тус байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүд тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд 0-18 насны нийт хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг жигд олгох нь чухал, тогтоолд өөрчлөлт оруулахтай холбогдуулан гарах зардлыг нэгдсэн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуулийг зөрчихгүйгээр зохицуулалт хийхийг сануулсан байна. Ингээд хэлэлцүүлгийн явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнИрээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.
Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тулхуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдсанал нэгтэй дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, А.Тлейхан нар байнгын хорооны дарга, салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.
Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг батлахыгчуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Төсвийн тухай хууль нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6-81.8 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Г.Уянга, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар тогтоолын төслийн 1 дүгээр заалтын “Борнуур” гэсний дараа “Батсүмбэр” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Нөөц газрын ангиллаар тогтоохдоо Засгийн газраас хилийн цэсийг байгалийн тогтцоор нь бүхэлд нь авахыг үүрэг болгох” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч байнгын хорооны гишүүд дэмжээгүй тул цөөнх болжээ. Ингээд уг саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь байнгын хорооны саналыг дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга тогтоол батлагдсанаар төр хэдэн хувийг эзэмших, эдийн засагт ямар хувь нэмэр оруулахыг тодруулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ноён уулыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Улсын Их Хурал гаргахаар хэлэлцэж байна. Ноён уулаас 10 км-ийн цаана байгаа Гацууртын ордод төр хувь эзэмшсэнээр төсөвт 480 тэрбум төгрөгийн татвар төвлөрнө, Монголбанкны алтны нөөц 50 тонноор нэмэгдэнэ, 1000 гаруй ажлын байр бий болно” гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд уг тогтоолын төслийг батлах санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлаас 5 хоногийн хугацаатай завсарлага авсан юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан юм.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ компаниудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг байна. Иймээс Улсын Их Хурлаас хууль гарган 2005 оноос хойш хоёр удаа импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.
Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүднэгэнт хөрш орнуудаас импортоор авч буй цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх асуудал яригдаж байгаа тул нэг компанийн эрх ашгаас илүүтэй хэрэглэгчдээ дэмжих чиглэлд анхаарч хилийн боомт, бусад аймгийн сумдыг ч хамруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Ингээд тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Батцогт нар Эрчим хүчний сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8426.htm