Шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.22.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
Гишүүдийн тавьсан асуулгын хариултыг Уул уурхайн сайд Б.Жигжид өглөө.
Тэрээр хариултдаа, “Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. Уул уурхайн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг. Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монголбакнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгосон. Улсын Их Хурлаас 2015 оны Улсын төсвийн тухай хуулиар шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Үүнтэй холбогдуулан алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252.000 төгрөг, АИ-92 автобензинд 259.000 төгрөг, дизель түлшинд 265.000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна. Алслагдсан хөдөө орон нутгийн шатахууны үнийг бууруулах үүднээс манай улсын төвийн бүсийг хангаж буй гол хилийн боомтоос бусад боомтоор импортлож байгаа шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг “О” байлгаж ирсэн. Энэхүү ялгавартай татварын зохицуулалт нь дунд хугацаандаа үр дүнгээ өгнө гэж үзэж байна” гэв.
Асуулгын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа асуултдаа, нефтийн үнийг бууруулах асуудлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр 1 барелль нь 28 ам.доллар болсон байна. Ингэж үнэ буурсан тохиолдолд дотооддоо нефтийн үнийг бууруулах ямар боломж байна гэдгийг тодотгосон юм.
Уул уурхайн сайд Б.Жигжид өгсөн тайлбартаа, өнөөдрийн дэлхийн зах зээлийн нефтийн уналт маш олон хүчин зүйлээс хамаарч байгаагийн зэрэгцээ тогтворгүй хүчин зүйлүүд бас их байгаа. Бид үүнийг хараад шууд савлаад, дагаад явах нь хэр зүйтэй вэ гэдэгт бодолтой хандаж байна. Олон улсын зарим байгууллагуудын хийж байгаа судалгаанаас үзвэл энэ жилийн хувьд нефтийн үнэ яльгүй өсөх хандлагатай байгаа. Гэхдээ хэлбэлзэл нь хэвээрээ гэхдээ яваандаа өснө гэсэн дүр зургийг судалгааны байгууллагууд хийж байгаа. Тиймээс эдгээртэй уялдуулж үнээ тогтвортой байлгах, боломжтой үед нь буулгах, түүнчлэн улсын төсөвт татвараа татаж авах зэрэг асуудлуудыг хийгээд явж байна. Цаашид энэ бодлого хэвээр үргэлжилнэ гэлээ.
Уул уурхайн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, асуулганд санасан хариугаа авч чадаагүй ч тодорхой хэмжээнд шаардсан шаардлагыг анхааралдаа авч ач холбогдол өгөн улсын хэмжээнд бензин шатахуун ижил үнэтэй болох арга хэмжээ шийдэгдсэн. Ямар ч байсан өнөөдөр баруун болоод зүүн аймгийнхан Улаанбаатар хоттой ижил үнэтэй бензин шатахуун хэрэглэдэг болсон. Энэ бол дэвшил. Цаашид бидэнд боломжууд бий. Бензин шатахууны үнэ 400-500 төгрөгөөр буучих юм бол тал талхаа больж бүтэн талхаа идэх бололцоо бүрдэх юм. Өнөөдөр талх үйлдвэрлэдэг түүхий эд нь болсон улаан буудай дэлхий дээр хамгийн өндөр үнэтэй байгаа нь бензин шатахууны үнээс болж байгаа гэв.
Улсын Их Хурлын гишүүдээс Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонссоны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Засгийн газрын батлах захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болох асуудал болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжтой нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авав.
Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон найруулгын саналаар санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.