Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авлаа

2016 оны 1 сарын 21

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.21/ хуралдаан 15 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авлаа

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай саналыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.

Улсын Их Хурлын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байна гэж үзэж энэхүү тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан гэдгээ танилцуулсан юм.

Ингээд төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр горимын санал гаргасан юм. Тэрбээр, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нэр бүхий гишүүдийн саналын үндэслэлийг судалж үзэх, түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сонсож танилцаж байж намын бүлэг шийдвэрээ гаргах шаардлагатай байгаа тул тус намын бүлэг энэ асуудлаас 5 хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Иймээс байнгын хорооны дарга А.Бакей тус намын бүлгийн завсарлага авах хүсэлтийг хүлээн авч буйгаа мэдэгдсэн юм.

Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээс

АН-ын бүлэг завсарлага авав

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна." гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж тус тус заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох; Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.” гэж заасан тул Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох саналыг Улсын Их Хуралд ирүүлжээ. Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Улсын Их Хурал нь сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах эрхтэй" гэж заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай саналаа ирүүлсэн байна.

Ингээд байнгын хорооны дарга А.Бакей эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм. Харин энэ үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотой бүх тогтоолын төслөөс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг байнгын хорооны дарга хүлээн авч буйгаа мэдэгдсэн тул байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28100
0 эможи
keyboard_arrow_up