Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс энэ хуулийн төсөл хэд хэдэн удаа буцсан. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт ойртож очих томоохон ач холбогдолтойн зэрэгцээ монголын эрүүл мэндийн салбар зах зээлийн системд шилжих боломж бүрдэнэ. Иймд сайн хууль гарах ёстой. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн менежмент, удирдлагын асуудал, үйлчилгээний соёлын асуудлаар гол шүүмжлэл гарч байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн талаас нь харж чадаагүй явж ирсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайн байх ёстой. Мөн эрүүл мэндийн салбарт зуучлалын үйлчилгээ маш их байгаад анхаарал хандуулж, ийм албан бус үйлчилгээнд хатуу хариуцлага тооцох ёстойг хэлж байсан юм.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.
http://open.parliament.mn/content/8406.htm