Байнгын хороо хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаан 15 цагаас хуралдахаар товлосон байсан ч ирц бүрдэхийг хүлээж 17 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэнТариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Р.Бурмаа, Б.Гарамгайбаатар, Ж.Энхбаяр нар ажиллажээ.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 47, найруулгын чанартай 14 саналын томьёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Мөн байнгын хорооны хуралдааны явцад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Ж.Энхбаяр, Ц.Оюунгэрэл, Х.Болорчулуун нараас бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Байнгын хороо цаг сунган хуралдаж Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Оюун, Л.Эрдэнэчимэг нар тогтоолын төслийн 1 дэх хэсэгт “Батсүмбэр” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тогтоолын төслийн 1 дэх хэсэгт заасан газар нутгийг байгалийн нөөц болон дурсгалт газрын ангилалд хамруулахдаа хилийн цэсийг байгалийн тогтцоор нь бүхэлд нь авахыг Засгийн газарт үүрэг болгох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тэрбээр цөөнх болж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун тогтоолын төслийн 1 дэх хэсэгт заасан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах, үүнтэй холбогдуулан хилийн цэсийг нь тогтоолын хавсралтаар батлах санал гаргасан нь өргөн баригдсан тогтоолын төслийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа тул санал хураалгах шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Тогтоолын төслийг дэмжив
Дараа нь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийг тус дэд хорооны гишүүнээр сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Байнгын хороо эцэст нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын саналын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг байнгын хорооны энэ өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.
Өнгөрсөн онд зуншлага тааруу болсноос ургац алдсан тул энэ жилийн хаврын уринш боловсруулалт, тариалалтын бэлтгэлд эртнээс анхаарч төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа учраас 2016 оны хаврын уринш боловсруулалт, тариалалтад шаардлагатай 20 мянган тонн дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх чиглэлийг Засгийн газарт өгөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгаснаа тэрбээр танилцуулсан юм. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хэлэлцэх асуудлаа дуусгаж, байнгын хорооны хуралдаан 19 цаг 58 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.