Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжив

2016 оны 1 сарын 21

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.20.Лхагва гараг/ 14 цаг 41 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр / анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг санал, дүгнэлтдээ огт дурдаагүй байгаад Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан шүүмжлэлтэй хандсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийгмийн хамгааллын гол бодлого ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах тухай асуудлыг эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн санал гаргасан. Ипотек, зээлийн хүүтэй холбоотой бусад асуудлыг бусад холбогдох байгууллагуудыг дуудаж мэдээлэл авч нарийн ярилцах асуудлыг шийдсэн. Тэтгэврийн даатгалын санг ямар нэгэн эрдсдэлд оруулах гээд байгаа зүйл байхгүй. Харин эрсдэлд нэгэнт орчихсон байгаа тэтгэврийн даатгалын санг эрсдэлээс гаргах эхний алхам хийж байгаа гэж ойлгож байгаа гэдгийг хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, өмнө нь 8 хувийн зээл авсан иргэдийн зээл 5 хувь болох боломжтой эсэх асуудлыг хөндөв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн тайлбартаа, Засгийн газар дээр энэ асуудлыг ярилцаад одоо найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэд тодорхой холбогдох баримт бүрдүүлснээр найман хувийг таван хувьд шилжүүлж болохоор ярьж байгаа. Хамгийн их үр ашигтай, хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр байгаа учраас тэтгэврийн сан дээр байгаа хөрөнгийг цааш нь энэ чиглэлээр өсгөх, арвижуулах чиглэл зүйтэй гэж үзэж байгаа. Цаашид ашигтай гэж үзвэл ганц ипотекийн зээл бус бусад үр ашигтай, улсын баталгаатай ч юмуу томоохон хөрөнгө оруулалт дээр тэтгэврийн сан, тэр дотроо нэрийн дансны хуримтлал дээр байгаа урт хугацааны тогтвортой эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг хийгээд явах боломжтой. Дэлхийн бусад улс оронд хамгийн том урт хугацаанд тогтвортой зээлдэгч, зээлийн эх үүсвэрийг хангадаг сан бол тэтгэврийн сангууд байдаг. Иймд манайх ч гэсэн энэ чиглэл рүү тэтгэврийн сангаа чиглүүлэх нь чухал гэв. Гишүүдийн зүгээс эрсдэлгүй менежментийн зөв арга замаар явуулах тогтолцоог дэмжих хэрэгтэйг хэлж байсан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс энэ хуулийн төсөл хэд хэдэн удаа буцсан. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт ойртож очих томоохон ач холбогдолтойн зэрэгцээ монголын эрүүл мэндийн салбар зах зээлийн системд шилжих боломж бүрдэнэ. Иймд сайн хууль гарах ёстой. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн менежмент, удирдлагын асуудал, үйлчилгээний соёлын асуудлаар гол шүүмжлэл гарч байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн талаас нь харж чадаагүй явж ирсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайн байх ёстой. Мөн эрүүл мэндийн салбарт зуучлалын үйлчилгээ маш их байгаад анхаарал хандуулж, ийм албан бус үйлчилгээнд хатуу хариуцлага тооцох ёстойг хэлж байсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.

Эрүүл ахуйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудал байв. Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой заах, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараа аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгасан байна. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаа өмнөх хуулиар бүрэн зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулах, эмнэлгийн дэргэдэх эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх, антибиотикийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгах, хүний болон малын эмийн жор бичихэд тавигдах шаардлагыг тодорхой болгох зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Бакей, Ё.Отгонбяр, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт, С.Дэмбэрэл нарын тавьсан асуултад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ажлын хэсгээс хариулт өгөв. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28062
0 эможи
keyboard_arrow_up