Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

2014 оны 5 сарын 09

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

 

 Улсын Их Хурлын гишүүд дээрх төслүүдтэй холбогдуулан тавьсан асуултдаа, Монгол Улсын Их Хурлаас Засгийн газарт хандаж өгсөн хугацаатай чиг үүрэг, даалгавар, шийдвэрийг өнөөдөр хэлэлцэж буй асуудалтай хэрхэн уялдуулж нийцүүлсэн, олон улсын зарим гэрээний нөхцөл байдлыг өөрчилсөн эсэх, гэрээг хэрэгжүүлэх явцад гарсан хохирлыг тооцсон үгүйг, мөн түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагатай хөрөнгө оруулалтын обьектын жагсаалт тэдгээрийн санхүүжилт нь төсөвт хэрхэн тусгагдаж улмаар тендэрийг нь шуурхай зохион байгуулах гэж байгаа, бондын мөнгийг төсөвт яагаад тусгаагүй, төсвийн тодотголыг хэсэгчлэн оруулж ирж буйн учир шалтгаан, халамжийн бодлого төсвийн тодотголд хэр тусгагдсан, ямар аргачлалаар валютын ханшийг тооцсон, валютын ханш болон үнийн өсөлтийг тогтворжуулах боломж бий эсэх, урсгал зардлыг төсөвт хэрхэн бууруулж тусгасан зэрэг асуудлыг чухалчиллаа.

 Үүнээс гадна Улсын Их Хурлын гишүүд төсвийн хэмнэлтийн тооцоо, төсөвт урсгал зардлын эзэлж буйн дэлгэрэнгүйг сонирхохын зэрэгцээ зарим эмнэлгийн байгууллага, спортын цогцолбор, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэвэрлэх байгууламж, аймаг, сумын конторын барилга, зарим чиглэлийн замын ажлын явц, тэдгээрийн санхүүжилттэй холбоотой асуултыг холбогдох салбарын сайд нарт тавьж хариулт авав.

Асуулт-хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар саналаа илэрхийллээ. М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Н.Батцэрэг, Я.Содбаатар нарын зэрэг гишүүд хоёр үе шаттай төсвийн тодотгол оруулж ирж буйд шүүмжлэлттэй хандаж, Засгийн газар төсвийн тодотголоо татан авч улмаар эдийн засгийн хямралын үеийн бодитой тооцоо, үзүүлэлт, зарчмыг тусгаж, бүтцээ цомхотгох, зардлыг хэмнэх зэргийг бодолцож иж бүрнээр нь дахин өргөн мэдүүлэх талаар саналаа илэрхийллээ.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт энэ төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх, гарцгүй болох болгоомжлол байгаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, төсвийн тодотголыг зайлшгүй хэлэлцэх ёстой. Цаг хугацаа алдах ёсгүй, эс тэгвэл эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг анхаарууллаа.

 Дээрх хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2805
0 эможи
keyboard_arrow_up