Төсвийн байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.20/ хуралдаан 11 цаг 55 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Хэлэлцээр байгуулахыг дэмжив
Хуралдаанаар эхлээд Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, 5 дугаар сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар соёрхон батлуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд 1973 онд байгуулагдсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан аж. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, жилийн 0 хувийн хүүтэй юм байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр гэрээлсэн ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон байна.
“Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар ахин хэлэлцэж, 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ. Иймд уг асуудлыг Улсын Их Хурлын байнгын хороодоор хэлэлцүүлж зөвшилцөх эсэхийг шийдвэрлүүлэхээр Засгийн газраас оруулж ирсэн байна.
Уг асуудлаар Д.Дэмбэрэл, М.Зоригт, Д.Оюунхорол нарын гишүүд салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дээрх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Ингээд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээрийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хорооны 2016.01.12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн дээрх асуудлыг тус байнгын хорооны гишүүд “хэдийгээр тэтгэврийн асуудал яригдаж байгаа хэдий ч цаанаа төсөв, мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх тул бусад мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцүүлж санал авах нь зүйтэй” гэж үзсэн тул ийнхүү Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж буй юм.
Төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсаны дараа тус байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийж, Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Д.Ганхуяг, М.Зоригт нарын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцэж буй асуудлаар байнгын хороодын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдэв
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн.
Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан юм. Уг өөрчлөлтөөр хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсан.
Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2% нь авч, Өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа юм.
Цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулахаар уг төслийг Засгийн газраас өргөн барьжээ. Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд 1 дэх заалтад тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Батцогт, Д.Оюунхорол, Д.Ганхуяг, Д.Дэмбэрэл нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, 0-18 насны нийт хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг жигд олгох нь чухал, тогтоолд өөрчлөлт оруулахтай холбогдуулан гарах зардлыг нэгдсэн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуулийг зөрчихгүйгээр зохицуулалт хийхийг сануулж байсан. Ингээд хэлэлцүүлгийн явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуягийн гаргасан анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүний дарга болон гүйцэтгэх захирлыг Засгийн газраас шууд томилж байгаа нь Компанийн тухай хуульд тусгасан хараат бус, бие даасан байх зарчим болон тус хуулийн зохицуулалттай зөрчилддөг. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болох юм байна.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Д.Ганхуяг гишүүн сонирхсон асуултдаа хариулт авсаны дараа санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүдийн өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Хэлэлцэж буй асуудлаар асуулт асуух болон санал хэлэх гишүүд гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсаныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8403.htm