Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна
Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл болон УИХ-ын сонгуулийн орон нутгийн мандатыг бууруулж, нийслэлийн мандатын тоог нэмэх гэж байгаа талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй. Нэгдүгээрт би үндэслэлийг нь ойлгоогүй. Хоёрдугаарт өнөөдөр Монголын эдийн засаг 2.9 хувьтай буурчихсан, иргэдийн амьдрал тааруу ийм байхад, мөн хэдхэн сарын дараа болох сонгуулиа хүлээлгүй Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд ч, хөрөнгө оруулагчдад ч таалагдахгүй. Ингэснээр цаг хугацаа давчуу байхад УИХ дээр яригдаж байгаа хууль тогтоолуудыг гацаанд оруулна. Зөөлнөөр хэлэхэд би гайхаж байна. Улс төрчид цаг үеэ мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой.
Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхийг би дэмжиж байгаа. Улаанбаатар хотод хүн амын 49 хувь суурьшиж байгаадаа бус Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн амьдралын ихэнх хувь өрнөж байна. Ийм учраас нийслэлд төлөөлөх мандатын тоог нэмэх нь буруу биш.
УИХ-ын гишүүн Г.Батхүү: Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулаад олон сар болсон байсан энэ тогтоолд гишүүдийн тоо нь сая 19-өөс илүү гарч, өргөн барьж байна гэж ойлгосон. Цаг үеэ олсон уу гэвэл үгүй. Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа хүлээзнээд ажигласан байдалд орж байна гэсэн. Энэ бол маш муу. Нөгөө талаар сонгууль дөхөж байгаа, эдийн засаг муу байгаа зэрэг олон үндэслэлээр Засгийн газраар оролдох нь буруу гэж үзэж байна. Гэхдээ нэгэнтээ УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан байгаа учир энэ асуудлыг хурдан хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх нь гадаад, дотоодод ашигтай. Орон нутгийн мандатыг буруулах тухайд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөдөөг дэмжих бодлогоосоо татгалзах, тэр дундаа хүн амын тоогоор нь мандатын асуудлыг шийдэх нь үндэслэл сайтай биш. Хүн амаас гадна газар нутгийн хэмжээ чухал. Харин энэ үйлдэл нь хотын төвлөрлийг улам нэмэх сөрөг нөлөөтэй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Засгийн газрыг огцруулах талаар гишүүдийн гарын үсэг цуглартал нэлээд хугацаа алдлаа. Хэрэв Монгол Улс ийм зүйл дээр хариуцлага тооцохгүй бол цаашид хариуцлагын талаар яриад ч хэрэггүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Рио Тинто” компанитай хамтраад тархи угаалтыг маш сайн хийж байна. Гэтэл “Дубайн гэрээ” бол ямар ч ашиггүй зүйл.
Сонгуулийн тойргийн мандатын хувьд нийслэл рүү татаж байгаа нь буруу. Үүнийг бие даагч гишүүд дэмжихгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газар огцруулах тогтоолд би гарын үсэг зураад удаж байна. Үндсэн хуулийн цэц Засгийн газраас машин авч, ой тэмдэглэх нэрийдлээр нөөцөөс 330 сая төгрөг гаргуулах зэргээр авлига авсан. Ийм Засгийн газар үнэхээр байж болохгүй гэж эсэргүүцэхдээ би гарын үсгээ зурж байсан. Миний тэр байр суурь өнөөдөр хэвээрээ байгаа. Засгийн газар ингэж ард түмнээрээ тоглохоо болих хэрэгтэй. Үүнээс гадна хариуцлагын асуудал нь өөрөө ерөнхий зүйл. Эрүүл мэндийн яамны сайдын хэрэг, орных нь хүнийг томилохгүй байгаа асуудал бол Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл.
Гэхдээ Засгийн газрыг огцруулах асуудал мандатын тоотой огт холбоогүй. Үндсэн хуулинд Улаанбаатар, аймаг хоёрыг яг адилхан түвшинд тавьсан томьёолол байдаг. Энэ заалтаараа л явах ёстой. Хүнийх нь тоогоор харгалзаж Улаанбаатарт давамгай эрх олгох асуудал Үндсэн хуулинд байхгүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Хэрэв санаж байгаа бол Ч.Сайханбилэгийг анх томилогдож байхад нь хэрэв Оюутолгойн гэрээг улам буруу тал руу нь явуулж, цаашлуулбал огцруулах тогтоол өргөн барина гэдгээ би мэдэгдэж байсан. Тийм ч учраас Ерөнхий сайдыг томилоход хоёрхон гишүүн эсрэг санал өгсөний нэг нь би байсан. Тухайн цаг үед хийж, хэлж байснаа л би хийж байна. Ч.Сайханбилэг 2021 оноос Оюутолгойн гэрээний ашгийг монголчууд хүртэж эхлэх байсныг улам холдуулж 2037 оноос болгосон. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа зэсийн орд, дагалдах баялаг асар их ийм ордоос монголчууд ер нь ашиг хүртэхгүй болгож байгаа учир Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барихаас өөр арга байсангүй. Энэ бол хангалттай үндэслэл. Сонгууль болох гэж байна, сандал суудлын маргаан хийхгүй гээд алгуурлаж болохгүй.