Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2016 оны 1 сарын 20

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, М.Батчимэг, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Н.Энхболд, Н.Номтойбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй учир хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа.

Үүний дараа Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулсаны дараа энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Дараа нь Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Тэрбээр, тус байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакейгаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан хэмээн танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар ёс зүй, сургалт, сурталчилгаагаар зохицуулж болох асуудлыг заавал хуульчлах шаардлагагүй, хуулийн хатуу зохицуулалт нь амьдралд гарах бүх тохиолдлыг зохицуулах боломжгүйг цаашид анхаарах, Авто замын тухай хуульд олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бие засах газар байгуулах талаарх холбогдох заалтыг хасах асуудлаар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж бүр эрүүл ахуйч ажиллуулах боломжгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, үүргийн талаар 40 гаруй заалт байгаа хэдий ч хүлээлгэх хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус байгаа тухай ажлын хэсгээс асууж, зохих хариултаа авсан болохыг мөн дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28005
0 эможи
keyboard_arrow_up