Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2016 оны 1 сарын 19

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.19/ хуралдаанаарМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Мөн өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.7-д “Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Тавдугаар бүлэгт “улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх; Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох" гэж тус тус заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулгадаа дурдсан юм.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталсан нь тус улсад улс төрийн намын эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд "Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна гэж хууль санаачлагч үзжээ. Тухайлбал, улс төрийн намын тухай ойлголт болон улс төрийн намын чиг үүргийг өнөөгийн нийгэм, улс төрийн шаардлагыг хангахгүй агуулгаар томьёолж, төр ба ард түмний хооронд эргэх холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, иргэдийн улс төрийн оролцооны эрхийг хангах, ирээдүйн улс төрчдийг бэлтгэх гэх мэт чухал чиг үүргүүдийг орхигдуулсан, улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хатуу хуульчилж, төвлөрсөн, хэт нүсэр бүтэцтэй байхыг шаарддаг нь намын дотоод ардчилал бэхжихгүй байх нэг шалтгаан болж байна хэмээн үзэж байгаа аж.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг 53 зүйлтэй бөгөөд энэхүү хууль батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн зохицуулалт өөрчлөгдөж зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэж байгаа ч мөн зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болно. Түүнчлэн төсвөөс зөвхөн парламентын намуудыг бус сонгуульд хуулиар тогтоосон босгоос илүү тооны санал авсан парламентад суудалгүй намуудыг санхүүжүүлэх тул улсын төсөвт ачаалал нэмэгдэх магадлалтай. Нөгөөтэйгүүр улсын төсвөөс улс төрийн намуудыг зөвхөн хэсэгчлэн буюу өөрийнх нь олсон орлогоос хэтрүүлэхгүй санхүүжүүлэх харьцангуй дээд хязгаар, нэг жилд улсын төсвөөс бүх намуудад өгөх санхүүжилтийн нийт үнэмлэхүй дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг тусгах тул улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй ч байх магадлалтай. Үүнийг хуулийн үр нөлөөний урьдчилан тандах судалгааны үндсэн дээр тогтоох шаардлагатай гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан.

Улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжирна гэж үзэж байгаа юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулсан бөгөөд тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойших хуралдаанаар дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27971
0 эможи
keyboard_arrow_up