УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийв
2016 оны 1 сарын 19
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016.01.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Монгол Улсын нийт хүн амын 48 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байхад Улсын Их Хурлын сонгуулийн 48 мандатын ердөө 14 нь нийслэлийн иргэдэд хуваарилагдсан нь шударга бус хэмээн үзэж буйгаа тэрээр илэрхийлсэн юм. Нийтдээ 1.4 сая иргэний төлөөлийн ардчиллыг шударга ёсонд нийцүүлэх үүднээс мандатны тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Би Баянзүрх, Налайх дүүргийн 365.000 гаруй иргэнийг төлөөлж ажилладаг Улсын Их Хурлын гурван гишүүний нэг. Улсын Их Хурлын нэг гишүүн 120.000 гаруй мянган хүнийг төлөөлж ажиллаж байгаа нь хэтэрсэн ачаалал. Тиймээс Монгол Улсын хэмжээнд хуваарилагдсан 48 мандатын 14 нь биш, 22 нь Улаанбаатар хотын иргэдэд оногдох ёстой” гэв. Тэрээр Улсын Их Хурлын гишүүд болон иргэд олон нийтийн саналыг харгалзан Улаанбаатар хотын мандатын тоог хүн амын тоотой дүйцүүлэн тогтоох хүсэлтэй байгаагаа онцлоод, нийслэлчүүдийн төлөөллийн ардчиллыг тэгш зарчим, шударга ёсонд нийцүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийллээ. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27945
0 эможи