УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргын гаргасан Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар болон Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Баянзүрх эмнэлгийн Ерөнхий эмч О.Бямбаа, тус эмнэлгийн Захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн захирал Г.Даваадорж нар Улсын Их Хурлын гишүүдэд үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Баянзүрх эмнэлэг нь 1997 оноос менежментийн гэрээгээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус эмнэлгийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын тогтоолоор Б.Даш-Яндаг ахлагчтай багт Баянзүрх эмнэлгийн өмчлөгчийн эрхийг шилжүүлж, 2006 оны 3 дугаар сараас Баянзүрх эмнэлэг ХХК болон үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Баянзүрх эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 288000 гаруй иргэнд дотор, мэдрэл, хүүхэд, сэхээн амьдруулах, уламжлалт эмчилгээ, оношилогоо, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх 333 ортой, стационарын 5 тасаг, 8 кабинетаар дамжуулан эмчилгээ, оношилогоо, сувилгаа, нөхөн сэргээх чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг 200 гаруй эмч, эмнэлгийн ажилчид үзүүлж байгааг тус эмнэлгийн Ерөнхий эмч О.Бямбаа танилцууллаа.
Тус эмнэлгийн эмчилгээ оношилогоо-үйлчилгээний чадавх сайжирч, нөхөн сэргээх эмчилгээний сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүд, биохимийн болон иммунологийн шинжилгээний, энцефалоскопийн, допплерийн, компьютерт томографийн, зүрхний эхогийн, озон эмчилгээний аппаратууд болон тухайлбал эрчимт эмчилгээ-сэхээн амьдруулах тусламжийг 1 дүгээр шатлалын эмнэлгийн түвшинд үзүүлэх хүчин чадал бүхий аппарат, хэрэгслээр бүрэн хангагдсан байна.
Улсын Их Хурлын гишүүд энэ үеэр Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар мэдээлэл өгөөд, эдгээр хуулийн төслүүдтэй танилцаж саналаа ирүүлэх хэрэгтэйг хэллээ.
Тус эмнэлгийн Захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн захирал Г.Даваадорж эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дурдаад эмнэлгийн эрчимт эмчилгээ, сэхээний тасагт улсын төсвөөс хөрөнгө мөнгө тусгагддаггүй. Энэ тасгуудад тодорхой хэмжээний мөнгө төсөвлүүлэх хүсэлтэй байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, цаашид Улсын 1,2 дугаар шатлалын эмнэлгийг менежментээр хувьчлах бодлого барьж байгааг хэлээд үүнд Баянзүрх эмнэлэг загвар, жишиг болж байгааг хэллээ.
Энэ үеэр тус эмнэлгийн хүлээн авах, хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.