“Чалько”-д төлөх 130 сая ам.долларыг энэ зундаа дуусгана
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж буй юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн асуусан асуултанд хариулт өглөө.
Тэрээр "" “Чалько” компаниас 370 сая ам.доллар урьдчилж аваад, 250 сая ам.долларыг нь Хүний хөгжил санд хуваарилж, 21 мянга болж тараагдсан. Одоогийн байдлаар “Чалько”-д төлөх өрийнхөө 200 гаруй сая ам.долларыг төлсөн, үлдэж байгаа 130 сая ам.долларыг энэ зундаа төлж дуусгана. Үнийг унагаачихсан гээд худлаа хэлээд байгаа. Хятадын дөрвөн боомт дээр байгаа нүүрсний үнийн дунджаар өгч авах гэрээ хийсэн юм билээ. Тэр үедээ 70 хэдээр хийсэн, одоо 30 хэд болсон уу гэвэл үнэн. Дөрвөн биржийн дундаж үнээр авсан үнэ явж байгаа. Эргэлзээд байвал гэрээг нь аваад үзчих, бүгд бичиг үсэгт тайлагдсан биз дээ. Нүүрс тээвэрлэлт зургаан сар зогсоогүй, 2 сар гаруй зогссон. Ийм бодитой юмаа ойлголцоод цэг тавиад хаячих л даа"" гэлээ.