Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат корпусын төлөөлөгчидтэй уулзлаа

2016 оны 1 сарын 15

Төрийн гурван өндөрлөг гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат корпусын ажилтнуудтай жил бүрийн эхэнд уулзаж, мэндчилгээ дэвшүүлдэг. Энэ уулзалт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцлоо.

 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гадаад харилцааны түвшинд 2015 онд гарсан онцлох амжилтуудын талаар дурдаад, 2016 онд улс төр, нийгмийн амьдралд чухал үйл явдлууд болох талаар Элчин сайд, дипломат корпусын төлөөлөгчдөд танилцуулсан юм.

Монгол Улс энхийг эрхэмлэгч, нээлттэй, ардчилсан улс бөгөөд олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого баримталж ирсэн. Сүүлийн 20  гаруй жил олон улсын түвшинд төвийг сахисан бодлого баримталж байна гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлоод 2016 онд Монгол Улс Ази Европын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах зочин улсын хүндтэй үүргийг хүлээн аваад байгааг хэллээ. Энэ уулзалт АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл, Гадаад хэргийн яам уулзалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан Ази, Европын орны Элчин сайдууд та бүхэн энэ уулзалтад онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад баяртай байна гэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотод суугаа дипломат корпусын ахлагч, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү үг хэлж, Монгол Улсын Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27876
0 эможи
keyboard_arrow_up