"Санхүүгийн зах зээлийн хөгжил" үндэсний форумд УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ

2016 оны 1 сарын 15
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 
Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог,
 
бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.
Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна. 
Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа  хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа.  
Өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байна. Үүнээс 4 хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна.  
Өнгөрсөн долоо хоногт "Монгол шуудан" ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна. 
Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна.
Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ.
Манай ДНБ-ний 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь манай эдийн засаг дахь эрсдэл төдий чинээ өндөр байгааг харуулж байна. Түүхий эдийн зах зээл дээрх өөрчлөлтүүд нь манай нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт ямар хүчтэй доргилт үзүүлдгийг бид маш сайн ойлгож авсан.
Тиймээс, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдлээс сэргийлэх зохистой хяналт, зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь нэн чухал юм. Энэхүү чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарснаараа, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг та бүхэнд олгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 
        Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
2016.01.15
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27861
0 эможи
keyboard_arrow_up