Гацууртын ордын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.14.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон танилцууллаа.
Тус байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг 91.7 хувийн саналаар дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М. Сономпилийг сонгохыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 81.2 хувийн саналаар дэмжлээ. Мөн тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Энхбаярыг байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар хариулт өгөв.
Гишүүдийн зүгээс Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг хэлж байсан юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэн яаралтай хэлэлцэх дэгээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар танилцуулсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт үүсэх ачааллын дарамтад одооноос бэлтгэх боломж бүрдэх бөгөөд тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тэтгэврийн нөөц санг байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас иргэдийн орон сууцны ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлж, 17 гаруй мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой ажлын байр, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сан хэлбэрээр ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлснээр хүн амын хуримтлал, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эдийн засгийн бүтцийн солонгоролыг дэмжих, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэнд зэрэгт шууд болон шууд бус эерэг нөлөөтэй болохыг хууль санаачлагч илтгэлтдээ дурдав.
Хууль санаачлагчийн илтгэл болон, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Батцогт, С.Ганбаатар, Я.Содбаатар,Д.Ганхуяг, Д.Оюнхорол, А.Тлейхан нар асуулт асууж хариулт авсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, 2016 оны байдлаар нэрийн дансанд бүртгэгдсэн хичнээн төгрөг байгаа болон үүнээс мөнгөжсөн хэд, бичилт хэлбэртэй хичнээн мөнгө байгааг тодотгов. Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүний асуултад өгсөн тайлбартаа, өнөөдөр Нийгмийн даатгалын сан, түүний дотор тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансанд авах бичилтээр 10 гаруй их наяд төгрөгийн бичилт хийгдсэн байгаа. Энэ бичилт сар, улирлаар нэмэгдэж байдаг байнгын хөдөлгөөнтэй бичилт. Үүн дээр ажил олгогчдын болоод, Засгийн газрын хувь, даатгалд шимтгэл төлж байгаа даатгуулагчдын гэсэн ялгавартай бичвэр хийгддэггүй. Шууд нийт авлага, өглөгөөр бичилт хийгддэг учир нарийн ялгааг одоо хэлэх боломжгүй. Шаардлагатай бол Мэдээлэл тооцооллын төвөөс нарийн судалгааг гаргаж бичгээр хүргүүлэх боломжтой гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх асуудал мөн эсэх асуудал гарсан. Тус байнгын хороо нь Нийгмийн даатгалын сангийн тэрбум тэрбум төгрөгийн зарцуулалт, түүнд хяналт тавьж ажилладаг байнгын хороо. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэний дараа мэргэжлийн байнгын хороодоос санал, дүгнэлтийг нь авч хамтарч ажиллан асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо бол Улсын Их Хурлын нэг бүтэц гэдгийг хэлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Ц.Дашдорж нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн. Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 78 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засаг, Төсвийн байнгын хороодод шилжүүлэв.
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэн яаралтай хэлэлцэх дэгээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.
Цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох судалгаанд хамрагдсан нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгож эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхийн амьжиргааны түвшинг бууруулахгүй байх нөхцөл бүрдэх юм гэдгийг илтгэлд дурдлаа.
Тогтоолын төслийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсноор өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8353.htm