Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2016 оны 1 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.14/ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэдий ч өнөөгийн хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоонд эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалт, хангамжид оролцож байгаа хуулийн этгээд, иргэний үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой тодорхойлох, зохицуулагдаагүй үлдсэн зарим тулгамдсан асуудлын эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Хуулийн төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой заах, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараа аюулгүй байдлын тандалт судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмийн зохицуулалтын албаны чиг үүргийг хяналтын чиг үүрэгтэй нэгтгэн, төсөвт дарамт учруулахгүйгээр эмийн зохицуулалтыг цогц, оновчтой болгохын зорьсон байна. Үүнээс гадна эмийн хэрэглээ, зохицуулалттай холбоотой иргэний эрх үүрэг, хориглох асуудлыг шинээр нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах, эмийн үнийн хөөрөгдлөөс хүн амыг сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, гадаадад эмчлүүлсэн иргэдийн хэрэглэх эмийг хилээр нэвтрүүлэхтэй холбогдолтой зохицуулалтыг мөн шинээр оруулсан байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27834
0 эможи