Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болов
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг сонголоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийг тус байнгын хорооны гишүүнээр сонголоо. Уг тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.
Мөн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Н.Батцэрэг нар тус байнгын хорооны эрх, үүргийг эргэн харж тодорхой болгох шаардлагатай, байнгын хороо өөрийн эрх мэдлийн бус асуудал руу хутгалдаж орохгүйгээр өөрт оногдсон чиг үүргийн дагуу ажиллах нь чухал гэдгийг хэллээ.
Энэ талаар нэр дэвшигч Ж.Батзандан төр нь ард түмнээ сонсох, иргэд олон түмэнтэйгээ ойр дөт ажиллах шаардлагын үүднээс Улсын Их Хурал ийм бүтэцтэй болсон. Иймээс хүний төлөө явж, хуулийн хүрээнд ажлаа хийж, идэвхтэй ажиллахыг хичээх болно гэдгээ хэлэв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул уг тогтоолын төслийг батлагдсанд тооцов.
Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болов
Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасныг үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд уг хуулийн төслийг дагалдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүд батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай хийгдэх буюу олгосон зээлүүд эргэж төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж 2015 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууц шинээр худалдан авч зээлд хамрагдсан 70000 иргэнд олгогдсон 3.3 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл баталгаатай болж, зээлийн эрсдэл үүсэхгүй. Мөн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж, төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Ганхуяг, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга, Н.Батбаяр нарын асуултад төсөл санаачлагч гишүүн Д.Ганбат, Х.Тэмүүжин нар болон ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, Д.Хаянхярваа, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 61 нь буюу 96.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хууль зүйн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
http://open.parliament.mn/content/8345.htm