УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би бол Монголын 1 номерын хүчирхэг хүн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхэнд асуулт тавьж хариулт авч, саналаа хэлж байгаа юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ "Энэ төслийг цааш хэлэлцүүлээд гаргана биз дээ. Би ипотектэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Би бол Монголын 1 номерын хүчирхэг хүн юм билээ. 70 мянган хүний орон сууцны зээлийг зогсоож, хүссэн шийдвэрээ Цэцээс гаргуулж чаддаг мундаг хүн байна даа би. Миний нэрийг өндөрт өргөж байгаа хүмүүст баярлалаа. Би одоо өнөөдрийн сонинд гарсан М.Энхсайханы ярилцлагыг хэлье. Засгийн газарт ипотекийн зээлийг олгох мөнгө байхгүй гэсэн байна. Та нар мөнгөгүй болчихоод л 8 хувийн зээлийг зогсоочихсон шүү дээ. Хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийн хүү арилжааны зээлийн хүүнээс бага байна гэж заасан. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар зөвхөн Хөгжлийн банкнаас 6 хувийн хүүтэй зээл олгоно гэдгийг арилжааны банкуудаар олгохоор болсон. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ипотекийн зээлтэй ямар ч холбоо байхгүй" гэлээ.