УИХ-ын чуулганаар ХЭН,ЮУ ХЭЛЭВ?
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн, 93.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргаас чөлөөлөгдөж байна.
Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхитэй ажиллах болно” гэлээ.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулийг баталснаар ипотекийн 8 хувийн зээл олголт сэргэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хэн, юу хэлэв?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зээл төлөгч бол өмчлөгч биш
Зээл төлөгч бол өмчлөгч биш. Гэтэл банкуу мөнгөө төлсөн хүн хөгмөө захиалдаг гэдэг шиг зээлдэгч нарыг маш хүнд байдалд орууллаа. Тэр битгий хэл бондын зээлийг бизнес эрхлэхээр авангуут өөр зээлдэгчид өгч өрийг нь хааж байсан явдал бас байгаа. Хуулиар энэ бүхнийг зохицуулсан уу? Мөнгийг нь бөөндөж төлөхөөр үндсэн зээлээсээ хасагдахгүй байна.
Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат: Хөлслөх, түрээслэхэд банкнаас асуухгүй орон сууцны эзэн мэднэ
Энэ бол зах зээлийн суурь ойлголт. Банк бол зуучлагч байгууллага. Зах зээлийн нийгмийн гол харьцаа нь өмч. 2013 оноос 8 хувийн хүүтэй ипотекийн зээл бий болсноор олон айл орон сууцанд орж, хорт утаанаасаа салж байгаа. Хөлслөх, түрээслэхэд банкнаас асуухгүй орон сууцны эзэн мэднэ.
Монгол банкны газрын дарга Н.Эрдэнэбаяр: Иргэдээ хүүний дарамтад оруулахгүйн тулд 8 хувийн хүүг тав болгох гэж байна
Энэ маргаан дагуулсан асуудал. Иргэний хуулийн өөрчлөлтөөр барьцааг аль талаас нь харах нь чухал. Барьцаанд өмчлөгчийн асуудлыг хөндөөгүй. Захиран зарцуулахад ямар зөвшөөрөл авах талаар хөндсөн.
Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай асуудал тэр хүний өмч гэж болохгүй. Иргэн зээл аваад байр, орон сууц барьж байгаа. Харин тэр хүн төлбөрөө төлж байж өмч хөрөнгө нь бүрэн шилжиж байна. Тийм учраас энэ хоёр талтай харьцаа. Зээлдүүлэгч, зээлдэгч гэдэг хоёр субъект хоёулаа өмчтэй байх асуудал. Энэ нь хууль эрхзүйн гэхээсээ эдийн засгийн чухал ойлголт. Энэ нь эдийн засгийн чухал ойлголт. Иргэд хүүндээ дарлуулж байна гэдэг нь санхүүгийн өөр зохицуулалт. Санхүүгийн тогтолцоог би сайн гэж хэлж чадахгүй. Шүүмжлэлтэй ханддаг. Тийм ч учраас АН иргэдээ хүүний дарамтад оруулахгүйн тулд 8 хувийн хүүг тав болгох гэж байна. Харин ипотекийн зах зээлээ зогсоож болохгүй.
УИХ-ын дарга З.Энхболд: Баасанхүү гишүүн энгийн ойлголтыг ойлгодоггүй юм. Мөнгөө төлж дуусч байж өмлөгч болдлог шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би бол Монголын 1 номерын хүчирхэг хүн
Энэ төслийг цааш хэлэлцүүлээд гаргана биз дээ. Би ипотектэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Би бол Монголын 1 номерын хүчирхэг хүн юм билээ. 70 мянган хүний орон сууцны зээлийг зогсоож, хүссэн шийдвэрээ Цэцээс гаргуулж чаддаг мундаг хүн байна даа би. Миний нэрийг өндөрт өргөж байгаа хүмүүст баярлалаа. Би одоо өнөөдрийн сонинд гарсан М.Энхсайханы ярилцлагыг хэлье. Засгийн газарт ипотекийн зээлийг олгох мөнгө байхгүй гэсэн байна. Та нар мөнгөгүй болчихоод л 8 хувийн зээлийг зогсоочихсон шүү дээ. Хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийн хүү арилжааны зээлийн хүүнээс бага байна гэж заасан. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар зөвхөн Хөгжлийн банкнаас 6 хувийн хүүтэй зээл олгоно гэдгийг арилжааны банкуудаар олгохоор болсон. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ипотекийн зээлтэй ямар ч холбоо байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хэн нэгэн нь машинаа барьцаалж мөнгө авчихаад өөр нэгэнд зарвал гэмт хэрэг болно.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Бодлого оновчтой байх ёстой. Хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй.
Гишүүд онилсон бодлого дээрээ оновчтой үг хэлэхгүй байна. Манай гишүүд их олон гоёо, гайхамшигтай зүйлийг хэллээ. Энэ хуулийн төсөлд банкны асуудал огт байхгүй. Иргэний хуулийн 8 хувийн орон сууцтай хамаагүй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалахтай холбоотой заалтыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон заалт нь эдийн засгийн суурь харьцаа. Харин хүчингүй болгосон үндэслэл нь улс төрийн асуудал, захиалга юм. Батлах гэж байгаа хуулийнхаа тухай гишүүдийн хэд нь ярьсан бэ? Үндсэн хууль зөрчсөн асуудал нь улс төртэй холбоотой. С.Ганбаатар гишүүн банк руу, зарим нэг гишүүнийг банкны эзэн гэж дайрч байгаад үг хэллээ. Байр авах гэж байгаа залуугийн гарыг атгаж ямар гоё үг хэлэх бол. Яаж хоёр үзүүртэй зүү шиг аашилж чадаж байна аа. Бодлого оновчтой байх, онилж зөв очих ёстой. Түүнээс бус банк өндөр хүүтэй байна уу, бага хүүтэй байна уу хамаагүй.
УИХ-ын дарга З.Энхболд: 18.000 айлын орон сууц эзнээ хүлээж байна. Иймд энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй.
Өнөөдрийн чууланы хуралдаан 12.00 цагт Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг цаашид хэлэлцэхийг дэмжлээ.