Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

2016 оны 1 сарын 14

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.13/ хуралдаан 14 цаг 45 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү ажлын хэсэг хуулийн төслийн зарим зүйл заалтыг дахин нягтлах шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хорооны энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргасныг гишүүд дэмжив.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг дараагийн долоо хоног хүртэл түр хойшлуулах санал гаргав. Тэрбээр уг хуулийн төсөл өргөн баригдаад удаагүй байгаа тул сайн судалж нягталж харах шаардлагатай байгаа тул ийм санал гаргаж буйгаа хэллээ. Түүний энэхүү саналыг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, М.Энхболд, С.Баярцогт нар дэмжиж буйгаа илэрхийлсэн ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээгүй юм.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн

үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүний санаачилж энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг ажлын хэсгийн ахлагчдын нэг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Төсөл санаачлагч илтгэлдээ, Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох юм.

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулсан. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон, хэрэгжилтэд нь хяналт тавихаар тусгасан гэдгийг дурдлаа.

Мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат 2015 онд дуусч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 оны 9 дүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилтыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл боловсруулж, хөгжлийн голлох стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх дэс дараа, үе шатыг тодорхой болгож, улс орны ирэх 15 жилийн урт хугацааны бодлогын алсын хараа, зарчмуудаа ийнхүү тодорхой болгож байгааг тэрээр онцолсон юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Батбаяр, С.Баярцогт, Л.Цог нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, Л.Цог, Н.Батцэрэг нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гэхдээ хэлэлцүүлгийн явцад нухацтай хандаж бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн нь аль болохоор хэмжиж болохуйц, хүн рүүгээ чиглэсэн байхад анхаарах нь зүйтэй, нөгөө талаар Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүйгээр үзэл баримтлал нь амьдралд хэрэгжих боломжгүй тул улс төрийн зөвшилцлийн зарчмаар асуудлыг шийдэхэд намын бүлгүүд ойлголцож ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын

төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.7-д “Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Тавдугаар бүлэгт “улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх; Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох" гэж тус тус заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа дурдав.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 онд баталсан нь тус улсад улс төрийн намын эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгож шинэчлэн найруулж баталсан ч улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулж чадаагүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь улс төрийн намуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэгдэж байгааг тэрбээр дурдсан юм.

Уг хуулийн төсөл нь 9 бүлэг 53 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн зохицуулалт өөрчлөгдөж, зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэхийн зэрэгцээ зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болно. Улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжирна. Түүнчлэн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, иргэдийн улс төрийн боловсрол, соёл, ухамсар дээшлэх зэрэг эерэг хандлагууд гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Н.Батбаяр, М.Батчимэг, Л.Цог, С.Дэмбэрэл нар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, М.Батчимэг, С.Дэмбэрэл, Н.Батбаяр, А.Бакей нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын томоохон хэсэг байгуулан хэлэлцүүлэг сайн өрнүүлж нухацтай ярилцах шаардлагатай, энэ хуулийг баталж чадвал энэ удаагийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны томоохон үр дүн болох юм, иймээс зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь чухал гэдгийг хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хуралд суудалтай намын бүлгийн гишүүдийг өргөн хамруулж саналыг нь сонсох шаардлагатай учраас төслийн хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан боловч олонхын дэмжлэг авч чадсангүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нарын нэр бүхий 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй 30 гаруй, найруулгын чанартай 4 саналын томьёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш бараг хоёр жил өнгөрч байгаа агаад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хоёр удаа хойшилжээ.

Ийнхүү тус байнгын цаг сунган хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дуусган 20 цаг 24 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

http://open.parliament.mn/content/8342.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27781
0 эможи
keyboard_arrow_up