Төсвийн тодотгол хийхгүй бол байгаа мөнгөө бүх хүүхдэд хувааж өгнө

2016 оны 1 сарын 13

Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас тодрууллаа.

-Өнөөдөр (өчигдөр) болсон Төсвийн байнгын хорооны хурлын үеэр төсвийн тодотгол хийхгүй бол байгаа мөнгийг бүх хүүхдэд хувааж өгнө гэж яригдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тодруулаад байх зүйлгүй маш ойлгомжтой асуудал шүү дзэ. Засгийн газар хүүхдийнхээ тоог нэмэгдүүлье гэсэн санал оруулж ирсэн. Гэхдээ төсвийн хуульд өөрчлөлт хийхгүй гэсэн. Тэгэхээр төсвийн хуулиар батлагдсан мөнгийг хувааж авах хүнийхзэ тоог нэмэгдүүлж байна. Нэг хүүхдэд оногддог мөнгөний хэмжээ л багасна гэсэн үг.

-Тэгэхээр нэг хүүхдэд 20 мянган төгрөг өгөхгүй гэсэн үг үү?

-Багасна л гэсэн үг. Хэрэв бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгнө гэвэл зуу гаруй тэрбум төгрөгийн асуудал шийдэх хэрэгтэй болж байгаа. Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн яамныхан 110 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэж танилцуулж байна. Энэ мөнгийг нэмэхгүй байгаа юм чинь байгаа мөнгөө бүх хүүхдэд хувааж өгөхөөс өөр замгүй.

-2016 оны төсөвт хүүхдийн мөнгөнд хэдийг төлөвлөчихөөд байгаа юм бэ?

-140 тэрбум төгрөг төсөвт суугдсан байгаа.

-Тэгэхээр 110 тэрбум төгрөгийн зөрүүг тооцохоор нэг хүүхдэд хэдэн төгрөг олгоно гэсэн үг вэ?

-Бараг л тал хувь нь гэсэн үг.

-Бүтнээр нь өгөхийн  тулд тодотгол хийхээс өөр аргагүй гэсэн үг үү?

-Тодотгол хийж байж бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоно. Бид 2016 оны төсвөө өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үндсэндээ хоёр сар болж байна. Яг энэ байдлаар бол тодотгол хийхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ. Тодотгол орж ирэхгүй бол байгаа мөнгөө бүх хүүхдэдээ хувааж өгнө гэсэн үг. Өөр аргагүй болно. Ер нь тодотгол хийгээд орлого нэмэгдэнэ гэх үндэслэл алга. Хоёр сарын өмнө баталж байсан төсөв дээр өнөөдөр нэмэгдсэн орлого байхгүй. Байдал амаргүй байна.

Бодитоор харвал хэрэв төсвийн тодотгол орж ирдэг юмаа гэхэд нэмэх биш хасах болчихоод байгаа. Ний нуугүй ярихад тооцоо үндэслэл нь хоорондоо уялдаагүй, шийдэх арга замаа тодорхой гаргаагүй ерөнхий л асуудал ороод ирлээ. Бичсэнийг нь харахаар хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлнэ гээд байгаа. Тэр чинь батлагдсан дүнгээ хувааж өгнө л гэсэн үг.

-Гэхдээ С.Эрдэнэ сайд наймдугаар сар хүртэл 20 мянган төгрөг олгох боломжтой гэж хэлсэн шүү дээ?

-Бид найман сарын биш бүтэн жилийн төсөв баталсан. Бүтэн жилийнхээ төсвийг хагас жилд багтаагаад дуусгаарай гэсэн шийдвэрийг УИХ дарга өгч болдог юм уу. Тийм логик байж болохгүй биз дээ. Өөр арга байхгүй. Түүнээс хойд сараас нь аваад урагш өгч байдаг зүйл яаж байх вэ дээ. 2016 оны төсөв гэж баталснаас биш 2016 оны эхний найман сарынх гэж батлаагүй.

-Төсөв батлагдсанаас хойш ганц, хоёрхон сарын дараа тодотгол орж ирэх тохиолдол хэр олон байдаг вэ?

-Байж болно. Бодитой өөрчлөлт гарвал төсвийн тодотгол хийж болно. Энэ удаагийн тодотголд орлого нэмэгдэх боломж харагдахгүй байна. Хэрэв зэсийн үнэ гэнэтхэн өсөх юм бол орлого нэмэгдэх нь гарцаагүй. Тийм тохиолдолд тэр даруй тодотгол хийнэ. Эс бөгөөс эдийн засаг төсөөлж байснаас эрс муудаж болно. Тэр үед мөн тодотгол хийхээс өөр аргагүй. Ер нь төсвийн тодотголд цаг хугацааны хувьд тогтсон хуваарь гэж байхгүй. Харин хуулиараа тодотгол хийх тодорхой нөхцөл заасан байдаг.

-Ирэх сонгуульд МАХН хэрхэн оролцох бол. МАН-тайгаа хамтрах болов уу?

-Хүмүүс янз бүрээр таамаглаж болно шүү дээ. Ер нь яагаад эвсэж болохгүй гэж. Нам олон мянган гишүүнтэй. Тэдний санал, бодлын үндсэн дээр асуудал шийдэгдэх ёстой. Би хувь гишүүнийхээ хувьд ирэх сонгуульд МАН, МАХН эвсэж, хамтарч сонгуульд оролцох ёстой гэж бодож байгаа. Том гол гадаад далай руу урсахдаа замдаа зөндөө олон салаалдаг биз дээ. Эцэст нь саадыг давж явсаар нэг далайд л цутгадаг. Түүнтэй адил манай хоёр нам нэг саадыг тойрсон зам дээр түр зуур байна гэж боддог юм. Яваандаа гол урсгалдаа нийлээд явна. Тиймээс хоёр нам нэгдэнэ, нийлнэ гэсэн асуудал биш. 

Нэг үзэл баримтлалтай улс төрийн хүчин түр зуур салаалаад, буцаж нийлэх процесс. Салаалсан юм чинь нэг газраа буцаж нийлж л таараа.

-Эрүүл мэндийн сайдын тухай асуудал танай нам дотор юу гэж яригдаж байгаа бол. О.Баасанхүү гишүүн Өргөдлийн байнгын хорооны даргын суудлаа өгч Эрүүл мэндийн сайд болох нь гэх яриа гарч байгаа?

-Г.Шийлэгдамбыг сайдаас нь чөлөөлөөгүй байгаа биз дээ. Тиймээс мэдэх зүйл апга.

-Н.Энхбаяр Шадар сайд болно гэх мэдээлэл байсан ч тэгсгээд намжиж байх шиг байна. Тохиролцоонд хүрээгүй юм уу?

-Надад тодорхой мэдээлэл байхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27756
0 эможи
keyboard_arrow_up