Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2014 оны 5 сарын 09

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.

Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн барьсныг Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод энэ сарын 7-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

  Улс орны аж үйлдвэр, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, улсын болон орон нутгийн төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурал өмнөх чуулганаараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан. Түүнчлэн алтны худалдаанд ил тод байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зохих өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. Иймээс Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг дурдав.

Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр томъёог өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд   эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

 Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм.

 Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Батцэрэг нарын гишүүд Уул уурхайн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар үг хэллээ.

 Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 31 нь буюу 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2772
0 эможи
keyboard_arrow_up