Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү УЕПГ-т иргэдийн санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв

2016 оны 1 сарын 12
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2016.01.12/ Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн зарим өргөдөлтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв. 
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ “2015 оны хугацаанд манай байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирсэн. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг. Өнөөдөр гурван өргөдөлтэй холбоотой саналыг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээлгэн өгч байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн н.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай холбоотой гомдол, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгч байна” гэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээлгэн өгөв. Мөн иргэн Л.Жавзмаа, Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаарх өргөдөл гаргасан. Үүнийг холбогдох хууль, олон улсын конвенцийн хүрээнд шийдэж, сэжигтнээр хоригдож буй дээрх хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзах бололцоог хангаж өгнө үү гэдэг саналыг хүргүүлсэн юм. 
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  дарга Е.Сагсай эдгээр санал, хүсэлтийг хүлээн авлаа. Тэрээр “Бид Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд анхаарч ажиллана. Биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотойгоор Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгаж буй хэргүүдийг Улсын Ерөнхий Прокурорын газар хянаж үзээд, нэгтгэн Улсын Мөрдөн Байцаах газарт шилжүүлсэн, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газрын байнгын хяналтад байгаа. Мөн бусад санал, хүсэлтийг хуулийн хүрээнд, холбогдох баримт, материалд үндэслэн шийдвэрлэх болно" гэв. Төгсгөлд нь тэрээр, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх тайлан, мэдээллээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдлээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27708
0 эможи
keyboard_arrow_up